УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд 40 хоног үлдэв. Ирэх Даваа гариг буюу тавдугаар сарын 20-нд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорч, намууд нэрсээ зарлана. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль өмнөх сонгуулиудаас ялгаатай. Тодотговол, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын 126 гишүүнийг иргэд төлөөллөөр сонгоно. Ингэхдээ 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх мажоритор аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх пропорционал аргаар сонгох юм. Өмнө нь 76 нэр дэвшигчийг жижиг тойргуудад илгээдэг байсан. Харин одоо бүсчилж томсгосон 13 тойрогт 78 нэр дэвшигчийг явуулна. Мөн намын жагсаалтад 48 хүнийг бичнэ. Энэ тоон үзүүлэлтээр намуудаас нэр дэвших боломж гишүүдэд нь арай хүртээмжтэй болж ирээд байгаа юм.
Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоо өсч, нэр дэвших боломж тэлэхийн хэрээр горилогчдын тоо нэмэгдэж, үүнийг дагасан попрол, өрсөлдөөн, сошиал дайнууд ч өрнөж буй.
Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд орсон өөр нэг өөрчлөлт бол жендэрийн харьцаа. Хүч түрж орж ирсэн жендерийн асуудал нэр дэвших боломж томссонтой холбоотой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “…Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан.
Энэ нь сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үг.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд эрх баригч Монгол Ардын нам болоод сөрөг хүчин Ардчилсан намаас гишүүний суудлын төлөө өрсөлдөх эмэгтэй горилогчдоос онцолж байна. Нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроогүй ч хүчтэйд тооцох горилогчдын нэрс хэдийнэ тааварт ороод буй. Тэгвэл хэн, хэн гэдэг эмэгтэйчүүд төрийн шийдвэр гаргах түвшинд иргэд, тойргоо төлөөлөх вэ?
АН-ЫГ С.ОДОНТУЯА, МАН-ЫГ Х.БУЛГАНТУЯА ӨНГӨЛЖ МАГАДГҮЙ
Таамаглал, магадлалаар МАН, АН-ыг сонгуульд өнгөлөх эмэгтэйчүүдийн нэрс яригдаж эхэлсэн. Тухайлбал, МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн жагсаалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнгөлж магадгүй. Тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдийн холбоо буюу Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/-г тэргүүлдэг. Өнгөрсөн 2023 оны хоёрдугаар сарын 12-нд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн хувьд 2020 онд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос анх сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн. Түүний хувьд гишүүнээр сонгогдсоноос хойш нийт 15 хуулийг бие даан санаачилж, 10 хууль батлуулсан, 30 гаруй хуулийн төслийн багт ажиллаж, таван хуулийг хэлэлцүүлэх ажлын хэсгийг ахлан ажилласан байна. Тэрбээр одоогийн парламентын хамгийн олон хууль санаачилсан гишүүдийн нэг гэж тодотгож буй. Нөгөө талдаа намын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлно гэдэг нам дотроо "нөлөө бүхий"-д тооцогдоно. Боловсрол, мэдлэг, эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөөлж буй учраас тэр МАН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд явах эмэгтэй гэж болох юм. Мөн МАН-д УИХ-д хоёр ч удаа сонгогдсон, нийслэлийн намын эмэгтэйчүүдийн байгууллага удирдаж байсан Б.Саранчимэг туршлагаараа мөн тэргүүлэх эгнээнд бичигдэнэ. Тэрбээр байгаль орчны чиглэлээр дугардаг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд энэ удаад говийн бүст нэр дэвшиж буй. НИТХ-ын төлөөлөгчөөр олон жил ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.
Харин АН-ын нэр дэвшигч эмэгтэйчүүдийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнгөлж мэдэхээр байна. Түүний хувьд АН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээс хоёр удаа сонгогдсон, УИХ-ын дэд даргаар ажилласан гээд туршлагаараа, олон нийтэд танигдсанаараа илүү нь. Тэрбээр АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаад саяхан халаагаа өгсөн байдаг. Тэрбээр дайчин, тэмцэгч чанарынхаа хүчээр гурван мандаттай, 36 нэр дэвшигч өрсөлдсөн тойргоос ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон хууль тогтоогч. Хоёр ч сонгуульд ялагдал хүлээж, УИХ-д цөөнх болсон Ардчилсан намын бүлгээ сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлэхэд түүний хувьд оройлон оролцдог гэдэг. Энэ жил ч мөн түүнийг АН-ын эмэгтэйчүүдийг сонгуульд өнгөлөх таамагт оруулж байгаа бөгөөд намын жагсаалтын эхэнд бичигдэнэ гэж тооцож буй.
Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагын халааг С.Одонтуяагаас авсан “Фортуна” Батбаярын охин Жаргалан, хүний эрхийн хуульч Р.Булгамаа нарыг өнгөлөх нэр дэвшигчээр таамаглаж буй.
МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, ЗАЛУУ БҮСГҮЙЧҮҮД УИХ-Д ХҮЧ СОРИНО
МАН-ын хувьд эмэгтэй нэр дэвшигчид гаргаж ирэх боломж ихтэй. Учир нь тус нам боловсролтой, ажлын туршлагатай олон хүүхнүүдтэй. Гэхдээ тэднээсээ энэ удаад мэдлэг боловсрол өндөртэй, залуу бүсгүйчүүдийг сойж сонгуульд оролцох бололтой.
Тухайлбал, Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо, Нийслэлийн орлогч асан Н.Баярчимэг, "Оюутолгойн" ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Ховдын засаг дарга Э.Болормаа, СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай зэрэг эмэгтэй горилогчид бий.
Тоолбол нас, төөлбөл бие чацуу эдгээр бүсгүйчүүдийн хувьд ажлын туршлага "нимгэн" ч боловсролоороо ялгарна гэж МАН тооцож буй. Баруун бүст горилж байгаа Ховдын Засаг дарга Э.Болормаа АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн. Харин говийн бүст горилж байгаа Н.Баярчимэг МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2008-2010 онд Пэсифис Стэйтс их сургуулийг төгссөн. Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн монгол дахь төлөөлөгчийн газарт эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер, Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль зүйн газар хариуцсан дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч хийж байгаад Хотын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхайгийн хувьд Их Британи дахь Америкийн олон улсын их сургууль, Вест Лондон коллежийг бизнес, санхүүгийн менежментээр тус тус төгссөн. Англид “Office of Fair Trading” компанид хэрэглэгчийн зөвшөөрөл, комплайнс хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, "Оюутолгой" ХХК зэрэг олон улсын томоохон компаниуд, төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай аж.
Холбоотой мэдээ