Үндэсний номын баярын 35 дахь удаагийн нээлт өнөөдөр /2024.05.18/ болж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 18-20-нд болох юм. Номын баярын арга хэмжээг 240 мянга гаруй хүн үзэж сонирхдог.
Өргөн цар хүрээтэй болдог номын баярын энэ хаврын арга хэмжээ илүү олон сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.
“Номын баяр”-ын үйл ажиллагааг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Сувд, “Жил бүрийн тав болон есдүгээр сард “Номын баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн “Номын баяр” Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэг өдрөөр хойшилж, Бямба гаригт нээлт хийхээр болсон. Аливаа төлөвлөсөн үйл ажиллагаа нэг өдрөөр хойшлоход бусад ажлууд дагаад хойшилдог учир үүнээс шалтгаалсан төвөгтэй байдал үүссэн ч зохицуулж ажилласан гэсэн юм.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.
Үндэсний номын баярын 34 дэх удаагийн арга хэмжээ өнгөрсөн есдүгээр сард “Илүү их уншъя” уриатайгаар болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.
Номын баярыг угтаж "Номын соёлт ертөнц” ТББ-аас олон үйл ажиллагааг зохион байгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өнөөдөр төв талбайд номын үзэсгэлэн худалдаанаас гадна сонирхолтой хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн зэрэг олон арга хэмжээ болох аж. Маргааш, нөгөөдөр мөн номын баяр үргэлжлэх тул сонирхсон хүн бүрийг зохион байгуулагчид зорин ирэхийг урьж байна.
Холбоотой мэдээ