Сүүлийн жилүүдэд бүхий л орчинд хүүхдийг зодох, дээрэлхэх цаашлаад эцэг эхчүүд хүүхдээ үл хайхрах асуудал нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр эцэг эх асран хамгаалагчид ямар хариуцлага тооцдог талаар албаны хүнээс тодруулсан юм. Хуулийн байгууллага хүүхдийн биед халдсан уу, үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн байна уу гэдэг шинж байдлыг тогтоож тохирсон үүрэг хариуцлагыг ногдуулдаг аж.
Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол ямар хариуцлага тооцдог талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн С.Сайнбилэг мэдээлэл өгөхдөө "Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор үл хайхрах хүчирхийллийг Хүүхэд хамгааллын тухай хуульд хуульчилж зааж өгөөгүй байсан. Шинэчлэн батлагдаж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулиар үл хайхрах хүчирхийллийг хуульчилж өгч байна. Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар үүрэг хүлээсэн бусад этгээд өөрийн асран халамжлах хүүхдийнхээ суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
Хүүхдэд өгөх ёстой хайр энэрэл, орон байр, боловсрол, хувцас хунар гэх мэт хэрэгтэй зүйлсээр нь гачигдуулах, наад захын хэрэгцээгээр хангахгүй байна гэсэн үг.
Өмнө нь дээрх үйлдлийг зөрчлийн тухай хуулийн 6.20.7 гэдэг зүйлд заасан “Хүүхдийн биед халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдсэн бол зөрчлийн тухай хуулиар 300 нэгжээр буюу 300 мянган төгрөгөөр торгодог” байсан. Шинэчилсэн хуульд үл хайхрах хүчирхийллийг хуульчилж баталж өгсөнтэй холбогдуулан зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж хариуцлагын өөр тогтолцоонд орох байх. Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа хэлбэр түүнээс үүссэн эрсдэл нөхцөл байдал хохирлын хэмжээг харгалзан хүлээлгэх хариуцлага өөр өөр байдаг. Мөн хүүхдийн биед халдсан тохиолдолд хүүхдийн биед учирсан гэмтлийн зэргээс шалтгаална. Энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарч байвал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Хүчирхийлэл үйлдэх шалтгаан нөхцөлийг шалгаад үзэхээр ихэнх тохиолдолд архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ эцэг эхчүүд хүчирхийлэл үйлдсэн байдаг. Эцэг эх, асран хамгаалагч нь үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн үү, биед нь халдах хүчирхийлэл үйлдсэн эсэх шинж байдлыг нь тогтоогоод тохирсон үүрэг хариуцлагыг хүлээлгэдэг гэв.