“Чойжин ламын сүм” музей нь сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн зориулалтын байр сав байхгүй юм. Тиймээс сан хөмрөг, үзмэр, соёлын өвийг урт удаан хугацаанд байгаа чигээр нь хадгалах зориулалтын байртай болох асуудал олон жил яригдаж байгаа. Мөн үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангасан үзэсгэлэнгийн танхимтай болох шаардлагатай байгааг музейн захиргаанаас хэлдэг.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:
-Чойжин ламын сүм музейн урд талын машины зогсоолыг чөлөөлж тус газар музейн сан хөмрөгийг хадгалах мөн үйлчлүүлэгчдэд зориулсан үзэсгэлэнгийн барилга барина. Эскиз зураг гаргах уралдаан олон нийтийн дунд нээлттэй зарласан байгаа. Зураг төсөл гарсны дараа улсын төсвөөс хөрөнгө мөнгийг нь гаргаж барилгын үйл явц шат дараатай эхэлнэ гэлээ.
Чойжин ламын сүм музейн тайлбарлагч “Чойжин ламын сүм музей 6000 гаруй үзмэртэй. Хүрээ, Манзушир, Чойр хийцийн 80 орчим цамын баг байдаг. Нийт таван сүмтэй. Жилд ойролцоогоор 10 мянга гаруй хүн музейгээр үйлчлүүлдэг. Жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаа явуулдаг” гэдгийг хэлж байлаа.
Тус музейн төвийн дулаан, төвлөрсөн шугамд огт холбогдоогүй. Өөрөөр хэлбэл энэ сүм музейд огт халаалт байхгүй. Мөн газрын гүндээ цэвдэгтэй учраас музейд жилийн дөрвөн улиралд гадна агаарын хэмээс хүйтэн байдаг талаар ажилтнууд нь хэлж байв. Чойжин ламын сүм музей нь зориулалтын үзэсгэлэнгийн заал, танхимгүй ч сүмийнхээ үндсэн дэглэлийг түр хугацаанд өөрчлөн сэдэвчилсэн, түр үзэсгэлэн зохион байгуулж түүх соёлын дурсгалыг сурталчлан ажилладаг талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан өмнө нь ярьж байв.
Музейн зүгээс 2017 онд Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнд хүсэлт гаргаж, музейн барилгыг халааж болох эсэх талаар судалгаа хийлгэсэн байдаг.
Уг судалгаагаар музейн барилгыг халаахаас өмнө дулаан алдалтыг нь шийдэх ёстой. Ингэхдээ дурсгалт барилгын гадна тоосго өрж, үүдэнд нь жижиг өрөө барихаар музейн эх төрх нь алдагдана. Тиймээс музейн шинээр барилга байгууламж барьсан тохиолдолд л төвлөрсөн шугамд холбогдохоос биш хэрмэн хашаанд байгаа барилгыг дулааны шугамд холбох ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарч байсан.
Сүсэгтэн олны дунд “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын бурхны шашны түүх, соёлын хосгүй үнэт өвийн нэг бол Чойжин ламын сүм музей юм. Энэ сүм музейн газар дээр шинэ барилга барих эсэх асуудал 2023 оноос олны анхаарлыг татсан.
Захиалагч: Соёлын яам
Зөвшөөрсөн: Хотын захиргаа
Гүйцэтгэгч: Сүлд проeкт ХХК
Барилгын өндөр: 6 метр
Барилгын хэмжээ: 54х12 метр
Хамрах талбай: Чойжин ламын сүм музейн 2.0 га газарт
Үзэсгэлэнгийн зориулалттай, үйлчилгээний газруудтай. Энэ асуудалд Соёлын сайд Ч.Номин өмнө нь тайлбар өгөхдөө “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг.
Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй болно. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Манжийн эрхшээлийн үед монгол нутагт 55-аас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч ард түмний дунд “Чойжин ламын сүм” хэмээх нэрээрээ дуудагдсаар ирсэн түүхтэй. Өдгөө их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд зуу гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей байрладаг. Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Г.Лувсанхайдав олноо Чойжин лам хэмээн танигдсан бөгөөд 1904-1908 онд энэхүү сүмийг өөрийнхөө нэрээр нэрлэн, байгуулсан ч гэдэг.
Холбоотой мэдээ