Газын зурваст болж буй хурцадмал асуудалд зориулж АНУ тусламжийн боомт тус бүс нутагт байгуулна гэж мэдэгдсэн. Үүний хүрээнд хүмүүнлэгийн тусламж хүргэх шинэ боомт бэлэн болсон талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх мэдэгдэл хийв. Шинэ боомт бэлэн болсноор Газын зурвас руу усан онгоцоор тусламжийн багц хүргэх юм. НҮБ-ын Газын зурваст хүргэж буй тусламж хангалттай нөөцгүйн улмаас дайны хөлд өртөж буй энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэж байна гэж АНУ үзсэн. Мөн тус байгууллагын шатахууны импорт бүхэлдээ зогссон учир тусламж хүргэх чадваргүй болж байна.
НҮБ-ын төлөөлөгчийн орлогч Фархан Хак "Бидэнд түлш маш их хэрэгтэй байна. Тусламж яаж хүрэх нь хамаагүй. Түлшгүй учир тусламж хүргэж чадахгүй байна" гэж байжээ.
АНУ-ын арми Пүрэв гаригийн эхээр Газын эрэг дагуу хөлөг онгоцны хөвөгч зогсоол суурилуулж дууссан. Албаны хүмүүс ирэх долоо хоног гэхэд эцсийн шалгалтыг хийж, боомтыг ашиглаж эхэлнэ. Ерөнхийлөгч Жо Байден хоёр сар гаруйн өмнө 320 сая ам.долларын өртөгтэй хөлөг онгоцны төслийг санаачилсан байдаг. Палестинчуудад туслах зорилгоор эхлүүлсэн уг төсөл Израилийн хилийн боомт дагуух дайныг хязгаарлана гэж найдаж байна. Усан онгоцыг Газын хотоос баруун өмнө зүгт израильчуудын барьсан боомтын байгууламжид байршуулна.
АНУ-ын албаны хүмүүс 500 тонн хүнсний бүтээгдэхүүн Газын эрэгт хэдхэн хоногийн дараа хүргэгдэж эхэлнэ гэж мэдэгдсэн. Мөн хөлөг онгоцны болон ажилчдын аюулгүй байдлыг хангах талаар Израилийн талтай хэлэлцэх юм байна. Гэсэн хэдий ч тусламжийн бүлгүүд Газад хэрхэн аюулгүй ажиллаж, хамгийн их хэрэгцээтэй хүмүүст хоол хүнс тараах вэ гэсэн асуулт ундарсаар байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ