ОЛУУЛАА ХОЛБОГДСОН Ч ГАНЦААРАА ЯЛ АВСАН Ё.БААТАРБИЛЭГ
Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, авлига авсан гэж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноохдоо таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгосон.
Харин давж заалдах шатны шүүхээс Ё.Баатарбилэг нарын 22 шүүгдэгчийг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
ХАМТ ШАЛГАГДАЖ, "МУЛТАРСАН" НАЙЗУУД
Хөгжлийн банкны гэх хэрэг яллагдагчаар татагдсан гишүүдийн нэг нь Х.Ганхуяг. Гэхдээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд хянан хэлэлцэж, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, "Вертекс майнинг партнерс" ХХК-ндаа Хөгжлийн банкнаас 33 тэрбумыг авсан гэж анх буруутгагдаж байлаа. Тус компани нь Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчээр нэрлэгдэж байсан юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний хувьд бас Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон байдаг. Тэрбээр "Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Мөн тус банкны чанаргүй зээлдэгч нарын нэгээр нэрлэгдэж байв. Гэтэл тэрбээр найз нөхөддөө 33 тэрбумыг авч өгсөн гэх асуудалд нэр холбогдсон. Тухайн үедээ "би таньдаггүй, мэддэггүй" байсан гэж өөрийгөө хайцаалсан ч Х.Ганхуягтай найз нөхөд болох нь илэрч байсан юм.
АЛБАН ТУШААЛАА АШИГЛАСАН ГЭЖ БУРУУТГАГДСАН "БУРУУГҮЙ" Н.АЛТАНХУЯГ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас Хөгжлийн банкны гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр буруутгаж байсан юм.
САЙДЫН СУУДЛААС НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН "ЭЗЭН" БОЛСОН Ж.СҮХБААТАР
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр товлосон. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сайдын албанаасаа чөлөөлөгдсөн байдаг.
НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ГИШҮҮНЭЭСЭЭ ЧӨЛӨӨЛӨГДСӨН Д.БАТ-ЭРДЭНЭ
Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг жагсаалтад УИХ-ын гишүүн А.Анандбазар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв. Гэтэл нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй УИХ-ын гишүүдээс Т.Аюурсайхан л ял сонссон. Харин Д.Бат-Эрдэнийн хувьд Т.Аюурсайхантай нэг өдөр Төрийн ордноос төрхөмдөө буцсан. Түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлжүүлж шалгах хүсэлтийг УЕП-оос оруулсныг УИХ хүлээж авсан юм.
Т.АНАНДБАЗАРЫН ОЛОН ДУУЛИАН
Нийгмийн дуулиан шуугиан болгонд нэр холбогдож ирсэн гишүүн бол Ц.Анандбазар. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт тэрбээр нэр, зүс холбогдож байлаа. АТГ-аас нүүрсний хулгайн гол сэжигтэн гэж зарласан 17 хүний нэг нь Ц.Анандбазар. Түүний дуулиан үүгээр зогсохгүй секс скандалд нэр холбогдож байсан юм. Түүнийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан гэж иргэн Б.Сүндэръяа шүгэл үлээж байв.
МАН-ЫН НҮҮРСНИЙ ХЭРЭГТ "ГҮТГЭГДЭГСЭД"
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд нүүрсний хэргээр нэр холбогдож байв. Тэрбээр тухайн үед Тавантолгой гэдэг газрыг мэдэхгүй. Хэрвээ тэнд очвол хүнээр заалгаж очно гэж мэдэн будилж, олон нийт ч үүгээр нь элэг доог болгож байв. Мөн нүүрсний хулгайг том албан тушаалтнууд хийсэн гэж өөрийгөө өмгөөлж байлаа.
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүнийг нүүрсний хэрэгт хамааралтай хэмээн зарлаж, шалгахаа мэдэгдэж байв. Энэ асуудалд тэрбээр "Намайг харлуулах зорилготойгоор хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа худал мэдээлэл цацсан. Тэр хүнийг нь би мэдэж байгаа" гэж байв.
Харин жилийн дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн рүү хандан илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн байдаг.
НАМЫН АЧААР "ҮЛДСЭН" Н.НАРАНБААТАР
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээлсэн. Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв. Мөн УЕП-оос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайханы хамт түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг оруулсан ч УИХ хүлээж аваагүй юм.
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар шууд болон шууд бусаар хамааралтай гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулж, дараах нэр бүхий гишүүд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Бид тавтай АТГ байтугай ямар нэгэн байгууллагаас уулзаж, юм асуугаагүй. Гэнэт бидний нэрсийг зарлалаа. Энэ ямар учиртай юм бэ. Бидэнд хийсэн хэрэг огт байхгүй. Бодит байдлыг харахад дарга нарыг дагаж гүйдэггүй, илүү дутуу юм ярьдаггүй ийм хүмүүсийг хэрэгт холбогдуулж байна" гэж байлаа.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын хэргийг шүүгээд гэм буруутайд тооцон, 40 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан юм.
З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутгагдан шүүхээс ял шийтгэл авсан нь энэ юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд нүүрсний хэрэгт холбон эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Энэ хэрэг хэний, ямар прокурорын шүүгээнд түгжигдсэнийг хэлэхэд хэцүү. Мөн түүнийг С зөвшөөрөл авахын тулд бусдыг авлигадаж байгаад газар дээрээ баригдсан, үүнд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэрэгсэхгүй болгож байв.
НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР БҮРЭН ЭРХЭЭ ХАСУУЛСАН БУРУУТНУУД
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат 2023 оны нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байдаг. Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзахдаа хууль хяналтынханд шалгуулахаа илэрхийлж байсан юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсны дараа "шувуу" болоод гадагшаа нисчихсэн байдаг.
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж, ял авсан улстөрч бол ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан. Түүнийг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛД "АГСАМ ТАВЬСАН" Э.БАТ-АМГАЛАН
УИХ-ын гишүүн тухайн үед ёс зүйгээ үйлдэлдээ тайлбар өгөхдөө “Нийгмийн сүлжээгээр цацагдаад буй асуудалд тайлбар өгөхгүй бол болохгүй нь. Нэгдүгээрт, би огт архи амсдаггүй. Намайг таньдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Хоёрдугаарт, архи уусан бол уучлал гуйх чадвар надад байгаа. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргаж, чанга дуугаар ярьсан нь үнэн. Бид хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсан. Ганц нэг зураг аваад нийгмийн сүлжээнд тавьсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа. Архи уудаггүй хүнийг уусан гээд байгаа нь улс төр юм болов уу. Манай тойргийн иргэд юмыг ялгаж салгаж ойлгодог болсон. Миний хувьд айж ичээд байх юм байгүй. Санасан бодсон юм аа шууд хэлчихдэг. Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн байнгын хороог АН-ынханд өг гэж ярьсан. Энэ чинь хуультай дэгтэй гэдгийг ярьсан” гэсэн байдаг.
СОГТУУГААР МАШИН ЖОЛООДОЖ, ОСОЛ ГАРГАСАН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сард “Ниссан тиана” загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж байв. Түүний жолоодож явсан машин “Тоёота приус-20” маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Тухайн үед өөрөө гэмтэж, эмнэлгийн тусламж авч байсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Тэр үед цагдаагийн байгууллагаас “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн осол гаргасан нь үнэн. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг шалгаж байна” гэдэг мэдээллийг өгч байсан.

Холбоотой мэдээ