Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулсан "Дипломат харилцаа тогтоосны анхны зорилгыг эргэн дурсаж, бид хамтдаа урагшилцгаая" сэдэвт семинар Пүрэв гаригт болж өнгөрлөө. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой тохиож байна.
1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулсныг тунхаглаж, дэлхийн улсуудад дипломат харилцаа тогтоохыг уриалсан тунхаг илгээж байжээ. Энэхүү тунхагийн хариуд Монгол Улсын Засгийн газар 1949 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хятадын талд цахилгаан илгээж, дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа анх илэрхийлсэн юм. Улмаар мөн сарынхаа 16-ны өдөр буюу БНХАУ байгуулагдсанаас хойш хагас сарын дараа Монгол Улс шинэ Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Дипломат харилцаа тогтоосон анхны зарчим хийгээд үзэл санааны хүрээнд хоёр улс харилцаагаа ахиулж хөгжүүлсээр, тэртээ 70 жилийн өмнө 13 монгол залуу унадаг дугуйгаар туулж байсан уртаас урт замыг хоёр цаг хүрэхгүй нислэгийн цаг болгон богиносгожээ. Уг түүхийг эргэн санавал, одоогоос 70 жилийн өмнө 13 монгол залуу Улаанбаатараас Бээжин хот хүртэлх 3000 км замыг унадаг дугуйгаар туулж хүрээд, БНХАУ-ын Майн 1-ны баярын арга хэмжээнд оролцож байв.
Тэмээ, үхэр тэрэгний жим гарсан эртний торгоны замаар явахдаа тэр залуус хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн уртаас урт замыг гаргаж байна гэж төсөөлөөгүй байх.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань 75 жилийн ойн арга хэмжээний үеэр өнгөрсөн түүхээсээ сургамж авч, санаж сэрэх ёстой хоёр чухал асуудлыг хөндсөн юм. Нэгдүгээрт, хоёр улс бие биенийхээ үндсэн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх явдал бол хамгийн чухал туршлага. Хоёрдугаарт, жаргал зовлонгоо хамтдаа эдэлж, харилцан туслах явдал юм.
Харилцан туслалцаж байсан хамгийн тод жишээ болгож 1950, 1960-аад онд Монголд ирж ажиллаж байсан хятад ажилчдын талаар Элчин сайд Шэнь Миньжуань дурдсан юм. Тухайн үед Хятадаас Монголд 27 мянган ажилчныг ээлж дараалан илгээсэн нь Монгол даяар 5000 гаруй том, жижиг барилгын төслийг хэрэгжүүлсэн байна. Тэдгээр ажилчны барьж, босгосон "Улаанбаатар" зочид буудал, Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр зэрэг олон барилга байгууламж одоо ч хоёр улсын найрамдалт харилцаа болон нийслэл хотын бэлгэ тэмдэг хэвээр байна.
Мөн үед Хятад улс гурван жил дамнасан байгалийн гамшигт нэрвэгдэхэд Монголоос адуу, үхэр, хонины мах, гурил, улаан буудай илгээж, хүнд цагийг даван туулахад нь тусалж байв.
Харилцан бие биедээ тусалсан найрсаг харилцаа одоо ч үргэлжилж буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр Монголоос Хятадын ард түмэнд 30 мянган хонь илгээж, нийгэм даяар нэг өдрийн цалингаа хандивлах үйл ажиллагаа өрнөсөн. Үүний хариуд Ухань хотын ард иргэд сэтгэлийн бэлэг болгон цай илгээснээр "Хонь ирж цай буцав" гэх үгийг хүртэл бий болгосон юм. Эл үг өдгөө хоёр орны найрамдалт харилцааны бас нэгэн бэлгэ тэмдэг болжээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадаас Монгол Улсад нийт дөрвөн тэрбум 860 сая юанийн буцалтгүй тусламж, нэг тэрбум 800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Элчин сайд Шэнь Миньжуань эцэст нь хоёр улсын харилцааны ирээдүйд чиглэсэн гурван саналыг дэвшүүллээ. Нэгдүгээрт, хувь заяаны хамтын нийгэмлэгийн ухамсрыг бэхжүүлэх гэсэн саналыг дэвшүүлэв. Хоёр орны төрийн тэргүүн нар энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уг нийгэмлэгийг аль болох хурдан байгуулж, түүхэн үсрэлт хийхийг Элчин сайд Шэнь Миньжуань уриаллаа.
Хоёрдугаарт, "Бүс ба зам" санаачлагын хамтарсан бүтээн байгуулалтыг өндөр чанартай байгуулах ажлыг гүнзгийрүүлэх ёстой. Гуравдугаарт, хоёр орон болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах ёстой гэсэн гурван санал дэвшүүллээ.
Хоёр орны харилцаа тогтоосон анхны өдрүүдийг эргэн дурсах гэсэн агуулгын хүрээнд хүрэлцэн ирсэн зочид эртний явдлуудаас нэхэн дурссан юм. Тухайлбал, 1952 оны аравдугаар сарын 15-нд тэр үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байжээ. Энэ айлчлалтай холбогдуулаад Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн. Оройн зоогт тухайн үеийн БНХАУ-ын орлогч дарга Жү Дэ, ерөнхий сайд Жоу Энлай, ерөнхий сайдын орлогч Дэн Сяопин, мөн ерөнхий сайдын орлогч Чин Юань нар хүрэлцэн ирсэн. Элчин сайдын яаманд болж байгаа хүлээн авалтад суугаа орны төр засгийн өндөр түвшний зочид, дарга нар хүрэлцэн ирэх нь тэр болгон тохиодоггүй учир нь энэ нь дурсууштай, онцлог үйл явдал байжээ.
Хоёрдугаарт, Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яамыг хаана байрлуулах вэ гэдэг асуудал чухал байжээ. Элчин сайдын яамыг хаана байрлуулах вэ гэдэг нь тухайн улс орны гадаад бодлогод эзэлж буй байр суурьтай жинтэй холбоотой байдаг аж. БНХАУ-ын Гадаад яам, засгийн газар энэ үед онцгойлон анхаарал хандуулж, Монгол Улсын Элчин сайдын яамыг баруун Чинкай гудамж, Сычан дүүрэг гэж газарт 18 тоот цогцолбор барилгыг цэцэрлэгтэй нь олгожээ. Энэ нь одоогоор Бэйхай нуурын баруун эрэг дээр, яг Бээжин хотын төвд байдаг, том цэцэрлэгт хүрээлэн доторх гурван давхар байшин юм. Дотроо гурван хашаатай. Эхний хашаанд Элчин сайдын яамны гурван давхар байр, хоёр дахь хашаанд нь Элчин сайдын өргөө, гурав дахь хашаанд нь Элчин сайдын яамны аж ахуй, авто машины гарааж, шуудангийн үйлчилгээ байсан. Энэ нь шинэ Хятад улсаас ч өмнө 1770 онд Тэнгэр тэтгэгч хаан үеэл дүүдээ зориулж барьсан цэцэрлэг байжээ.
Хоёр улсын харилцаанд БНХАУ-ын төр засаг ямар байдлаар анхаарал хандуулж байсныг, тухайн үеийн БНХАУ-ын гадаад бодлогод Монгол Улс ямар байр суурьтай байсныг дээрх хоёр үйл явдал илтгэх юм. Төгсгөлд нь өдгөө түүхэн шинэ гарааны цэг дээр, дипломат харилцаа тогтоосны анхны зорилгоо баримталж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэхийг Элчин Сайд Шэнь Миньжуань уриаллаа.


















Холбоотой мэдээ