Биологийн насны хувьд Монголын улс төрд нэгэн үе солигдож байна. Улс төрийн тайзан дээрх гол тоглогчид 70, 80-аад оныхон болсон. Улс төрийн намуудын тоглоомын дүрмийг тэд тодорхойлж байна. МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, АН-ын Л.Гантөмөр, ХҮН намын Т.Доржханд, “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаяр гээд нэг үеийнхэн улс төрийн намуудын гол бодлогыг зангидах болсон. Гэвч, нөгөө талаас нь харвал Монголын улс төр дэх тоглоомын дүрэм, бодлого хандлага, соёл, ёс зүйд огтхон ч өөрчлөлт гарсангүй. Товчхондоо, нас залуужсан ч Монголын улс төр үнэт зүйл үзэл бодлын хувьд ухарсан байна. Ардын намын ах нар 60 тэрбумаар нь Монгол төрийг хулгайлдаг байсан бол дүү нар 40 их наядаар улсаа тонодог болсон байна.
Монголчууд сар гаруйн дараа дараагийн дөрвөн жилд төрийн эрх барих намыг сонгоно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын ес дэх удаагийн сонгууль пропорциональ тогтолцоогоор явагдах юм. Нийтдээ 126 гишүүн сонгох агаад 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар гарч ирнэ. Мөн анх удаа 13 том тойрогт сонгууль явагдана, нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна. Сонгогчид хүн ба нам дугуйлна. Гэх мэт олон зүйлээрээ урьд өмнөхөөс онцлогтой сонгууль болно.
Их шуурганы өмнө нам гүм болдог. Наанаа улс төрийн намууд нам, гүм харагдавч, хөшигний ард фракц, бүлэглэлүүд жинхэнээсээ хөлөө жийлцэж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр нумаа нуугаад сумаа тавьцгааж байна. Тэр тусмаа сүүлийн өдрүүдэд сөрөг хүчний лидерүүдийг чиглэсэн хар пиарыг зохион байгуулалттай, зорилготойгоор сэвүүлүүлэх нь эрчимжлээ.
Жишээ нь, АН-ын дарга Л.Гантөмөрийг мүүнтэй, С.Баярцогтыг Оюутолгойтой холбосон гүтгэлэг, хар пиар хэвлэлүүдээр нэгэн зэрэг цацагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш нь ойлгомжтой. Угаасаа улс төрд зорилгогүй мэдээ, зохион байгуулалтгүй ажиллагаа гэж байхгүй болсон. Энэ утгаараа МАН-аас сөрөг хүчнээ харлуулах гэсэн арга тактик ашиглаж байгаа нь лавтай. Угаасаа МАН-д өнгөрсөн найман жил хийсэн ажил байхгүй. Газрын тосны үйлдвэр нь зогсонги байдалтай, цэвэрлэх байгууламж нь хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, найман жил барьж байгаа Дарханы зам нь бүрэн ашиглалтад ороогүйн дээр Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар, төмөр замын авлигачид Ардын намын цагаан байранд сууж байна. Ардын нам, авлига хоёр нэг зоосны хоёр тал гэвэл худлаа гүтгэлэг болохгүй биз. Тиймээс сөрөг хүчнээ харлуулахаас өөрөөр хөгжил бодлого ярьж байгаа юм алга.
Нөгөөтэйгүүр Ардчилсан нам дотроосоо захиалсан, зохион байгуулсан ч байж мэднэ. Гэвчиг Л.Гантөмөр, С.Баярцогт хоёр муухай харагдлаа гээд АН-ынхан сайхан харагдахгүй. 2016, 2020 оны парламентын сонгуульд МАН сайндаа ялаагүй. АН хоёр хуваагдаж сонгуульд орсон нь дараалан ялагдалд хүргэсэн гол шалтгаан нь байсан юм.
Тэр тусмаа АН-ын үзэл баримтлалын эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж, найман жил гудамж метрлэхэд хүргэсэн гол буруутан нь Женко.Баттулга. Хоржоонтой нь, 2016 оны сонгуулийн өмнөхөн намынхаа эсрэг жагсаал, цуглаан хийж явсан, 2020 оны сонгуульд У.Хүрэлсүхтэй хамжин АН-ын лидер болгонд хилс хэрэг тохож, сөрөг хүчний нэр дэвшигч бүхний саналаас зулгаах нэг, нэг “нус” аваачиж наасан. Ямар сайндаа л 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадаагүй нь ялагдлын нэг шалтгаан болсон” гэж мэдэгдэж байсан билээ. Монголын Улсын Ерөнхийлөгч гэдэг нь Х.Баттулга. Энэ удаад мөн адил эртний өс хонзон, эрх баригчдын заавар тушаалаар АН-ыг дотроос хагаралдуулах арга тактик ашиглаж байна. С.Баярцогтыг харлуулах ажиллагаа Х.Баттулгаас нэг их хол унахгүй. Үнэндээ Х.Баттулгын дэргэд С.Баярцогт бараг Монголын Эйнштейн шүү. С.Баярцогт, Х.Баттулга хоёрын ялгаа нь нэг гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан. Нөгөө нь гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөсөн. Түүний хулгайлсан, луйвардсаныг ярих юм бол хүрээний бузар цаашаа болно. Бизнесийн мөр нь, улс төрийн замнал нь хулгай луйвраар дүүрсэн хүн шүү дээ, Женко.Баттулга.
Монгол газар зүйн байрлалаараа албан бус хоригтой улс. Хоёрхон том хөрштэй, хоёр хөршийнх нь харилцаа улам бүр “дотносож” буй нөхцөлд Монгол амьд үлдэх боломж нь парламентын дархлаа. Энэ утгаараа парламентад попууд биш топууд ус агаар мэт чухал болсон. Хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа хууль тогтоох байгуулагынх нь үнэт зүйл байх ёстой. Түүнээс цаазын ялыг мөрөөддөг, Шанхайн ломбардад улсаа тавихыг хүсдэг улстөрчдийг Монголын парламентаас хол байлгах ёстой юм.
Улс төрд нас бол тоо. Нэг ёсондоо, залуу ленинчүүдээс ахмад ардчилагчид Монголд илүү чухал болжээ. Монголын улстөрч дунд хүний эрх, эрх чөлөөний төлөө Э.Бат-Үүл, Д.Сосорбарам шиг дуугардаг, хөгжлийн бодлогыг С.Баярцогт шиг эрсдлээ дагаад эхлүүлдэг, хийдэг стратегичид хууль тогтооход ч, бодлого боловсруулахад ч нэн хэрэгтэй байна.
Монголын парламентад мянган Даваасүрэн байснаас нэг Баярцогт, нэг Бат-Үүл, нэг Да.Ганболд байсан нь илүү дээр. Юу үнэн, энэ л үнэн. Товчхондоо, Монголын парламентад Оросын БЭТ-үүд биш Монголын ардчилал, хүний эрх эрх чөлөөг хамгаалж чадах ардчилагчид ус агаар мэт үгүйлэгдэж байна.
Холбоотой мэдээ