Авлига, албан тушаалын хэргийг шүүхээр дэнслэх бол ард иргэдэд нээлттэй хэлэлцдэг байх хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар санаачилжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг шүүх хурал өнгөрсөн өвөл болж, 4.9-3 жилийн хорих ял оноосон. Гэхдээ шүүх хурал хаалттай болсон төдийгүй шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж ард иргэд үзэж буй. Иймээс эрх баригчид энэхүү шүүх хурлаас сургамж авсан уу, аль эсвэл сонгууль ойртохоор попорч байгаа юу цагаан цахтнуудын авлига, албан тушаалын хэргийг нээлттэй шүүх төсөл санаачлаад байна.
Уг нь УИХ-аар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдод ялын дээд хэмжээ өгнө гэхчлэн сүр бадруулан хууль баталсан ч өөрсдөө эргээд “нухуулах” болно гэж бодсон уу, шүүхээс энэ төрлийн хэрэгт оногдуулж байгаа ял зөөлхөн буух болсон нь УИХ-аас баталсан хуультай л холбоотой.
Ерөнхий сайдын зүгээс шүүгч нарыг буруутгадаг ч эцсийн дүндээ УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хэдэн жилийн ял оноохоор заасан байна, түүнийг л онооно. Өөрөөр хэлбэл, шүүгч нь яллагдагчид хуулиас давсан ял оноох эрх мэдэл байхгүй гэсэн үг. Иймээс УИХ-аар авлига, албан тушаалын хэргийг шүүхээр хэлэлцэх бол нээлттэй хэлэлцэх хуулийн төслийг баталлаа ч энэ нь зарим “цагаан захтан”-уудад үйлчилдэггүй байхаар зохицуулах вий гэсэн хардлага төрүүлээд байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор нүүрсний хэргээр ял авсан яллагдагч нарыг дахин авлигын хэргээр шалгаж эхэлсэн байна. Иймээс дахин шүүх асуудал “босох” бололтой. Гэхдээ энэ нь сонгуульд зориулсан шоу болж өнгөрчихгүй байгаасай л гэж найдах үлдлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ