Улаанбаатар хотын төвөөр нисдэг тэрэг эргэлдэж, иргэд гайхах шүүмжлэх зэрэгцсэн өглөө боллоо. Зарим иргэдийн хувьд нисдэг тэрэгний дуу чимээнээс халширч бухимдалтайгаар өглөөг эхлүүлсэн бол сонирхон ажих иргэд ч байв. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/ байгуулагдсаны 20 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж буй аж. Энэ хүрээнд онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шүхрээр буух, өндрөөс авран хамгаалах үзүүлэх тоглолт хийлээ.
Иргэдийн зүгээс үзүүлэх тоглолтыг сайшааж байгаа ч, ажил үүргээ гүйцэтгэхдээ уг нисдэг тэргээ ашигладаггүй гэх шүүмжлэлийг ч дайж буй юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.
Тэрбээр, жил бүрийн зургадугаар сарын 20-нд ОБЕГ-ын баярын өдөр тохиодог. Энэ жил сонгуультай холбоотойгоор тэмдэглэлт өдрийг урагшлуулж, зургадугаар сарын 16-17 өдрүүдэд товлосон. Мөн Онцгой байдлын албыг байгуулснаас хойших тэгш 20 жилийн ойгоо давхар тэмдэглэж байна. Иймээс ОБЕГ-ын харьяа анги байгууллагууд албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэнэ. Мөн гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулахаар төлөвлөсөн. Хүн төрөлхтний түүхэнд 20 жил гэдэг богино мэт боловч манай байгууллагын хувьд багагүй хугацаа. Энэ хугацаанд төр засаг, албан байгууллага, ард иргэдийн дэмжлэгтэйгээр ОБЕГ бэхжиж, жилээс жилд техник хэрэгслүүд сайжирч байгаа. Тиймээс энэ бүгдийг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор эдгээр үйл ажиллагааг зохион байгуулж байна. ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид маш хүнд осол гэмтэлд орсон иргэдээ зайлшгүй шаардлагатай нөхцөлд нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Зөвхөн үзүүлэх тоглолтод нисдэг тэрийг ашигладаг гэж ойлгож болохгүй. Нисдэг тэрэг ашиглан агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хүрээнд 300 иргэнийг аварсан гэх хамгийн сүүлийн үеийн тоо бий.
ОБЕГ-т аврах болоод сургалтын гэх хоёр нисдэг тэрэг бий. Эдгээр нисдэг тэргүүдийг Монгол болоод Франц улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Франц улсын хөрөнгө оруулалттайгаар оруулж иржээ.
Холбоотой мэдээ