”Айвенхоу майнз”-ын аюул дагуулсан илгээмж

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

”Айвенхоу майнз”-ын аюул дагуулсан илгээмж

ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ХУВЬСАЛ

Засгийн газрын гишүүд өмнийн говьд хуралдаж, “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид гүйцэтгэх засаглалын өнөр багт ажлаа тайлагнасан тухай мэдээлэл өдгөө хэвлэлийн хуудаснаа өдөр бүр заларч байна. Ерөнхий сайдын “Монголын хувь сэрж байна” хэмээх хэлцийг орчин цагийн хөрөнгө оруулагчид ч өөрсдийн зүгээс эрхлэн гаргадаг “Сэрсэн говь” сэтгүүлийнхээ эхний нүүрнээ залахаа ч мартахгүй биз. Гэвч энэхүү гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ буудаллаад ирсэн уг ажил хэрэгч уулзалтын үеэр тус ордыг ашиглах эрхээ Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулж авсан “Рио Тинто” хийгээд “Айвенхоу майнз”-ын дарга нар юуны учир хэл амаа ололцохгүй дэлхийн уул уурхайн мэдээний гол эзэд болоод байгаа талаар хэн нь ч дурссангүй.
Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын эрх ашгийг тө­лөөлж гарын үсэг зурсан Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Ганхуяг нар юун түрүүнд “Фрийд­ланд аа, танайх “Рио Тинто”-той юу болоод байна аа” хэмээн нөхөрсөг ёсоор ч болов асуулт асуух үүрэгтэй баймаар. Гарын үсэг зурснаар ажил дуусах бус харин гарын үсэг зурснаас хойш 30 жилийн хугацаанд тэд түншлэгч талтайгаа хариуцлага ярих үүрэгтэй гэдгээ мартах ёсгүй. Гэтэл энэ удаад Оюутолгойн бүтээн байгуулалтыг шагшин магтсан сайд нарын ажлын тэмдэглэл л өдгөө монголчуудад хүрч байна. Иймд гүйцэтгэх засаглалын тэргүүний “Монголын говь сэрж байна” хэмээх одоо цагийн шилдэг хэлцийг хуучраагүй байгаа энэ агшинд “Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хувьсал” сэдвийн хүрээнд болж өнгөрсөн үйл явцаас нэхэн хүргэе. Энэхүү мэдээллийг хүргэх болсон шалтгааныг дараах мэдээлэл уншигч танд илүү дутуу дүгнэлтгүйгээр ойлгуулна гэдэгт итгэлтэй байна.

“РИО ТИНТО” ГРУПП “АЙВЕНХОУ МАЙНЗ”-ЫН ГОЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛНО

2006 он: Энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр “Айвенхоу майнз” компани “Рио Тинто” групптэй стратеги түншлэлийн гэрээ байгуулж, анхны 9,95 хувиа зарсан юм. Уг хувьцааны нийт өртөг нь 303 сая орчим ам.доллар болж байжээ. Түүнчлэн энэ үед “Айвенхоу майнз”-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Роферт Фрийдланд болон “Рио Тинто” группын гүйцэтгэх Ерөнхий захирал Том Албаниз нар компани хоорондын хамтын ажиллагааг “Дэлхийн шилдэг уурхайг бий болгоно” хэмээн тодорхойлоод “Айвенхоу майнз” дахь “Рио Тинто”-гийн хувийг цаашид 33,35 хувьд хүргэнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн “Айвенхоу майнз”-ын удирдлагууд ч тухайн үед урагшаа ахихгүй зогсолтод орсон байсан Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт “Рио Тинто”-г оруулснаар нааштай бололцоо олдоно гэдгийг сурталчилж, тус группын дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлдэг нэр хүндийг монголчуудад ойлгуулахын төлөө хүчин чармайлт гаргаж эхэлсэн юм. Энэ бол “Айвенхоу майнз”-ын хувьд Монголын Засгийн газартай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд нь ахиц үзүүлэх том хөрөнгө оруулалт болно гэдгийг манай талын улстөрчид ч ил тодоор илэрхийлж байсан гэхэд буруудахгүй. Үүнийг “Айвенхоу майнз“ компаниас тарааж байсан “Рио Тинто” групп эхний ээлжинд нийт хувьцааны 303 сая ам.долларын үнэ бүхий 9,95 хувийг шууд шилжүүлэн авсан бол дараагийн 9,95 хувийг Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа шилжүүлэн авна. Түүнчлэн цаашдаа хувьцааныхаа хэмжээг 33,35 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний эрхийг олж авахын тулд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж, улмаар цаашид эхний таван жилд зах зээлийн нээлттэй хувьцааг худалдаж авах замаар 6,65 хувийг нэмж авсан тохиолдолд “Айвенхоу майнз” дахь хувь эзэмшлээ 40 хүртэлх хувьд хүргэнэ” гэдэг мэдээлэл та бидэнд батлах биз ээ.

“РИО ТИНТО” ГРУПП “АЙВЕНХОУ МАЙНЗ”-ИЙН 46,6 ХУВИЙГ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ

2010.06 сар. Энэ сарын 29-ний өдөр “Айвенхоу майнз”-аас албан ёсоор “Рио Тинто” хувьцаа худалдан авах эрхээ хугацаанаасаа өмнө хэрэгжүүлж, манай компанийн 29,6 хувийг эзэмшиж эхэллээ гэсэн мэдээллийг хэвлэлд тараасан. Улмаар уг мэдээнд Фрийдландын “Бид 2010 оны барилгын төсвийн хүрээнд уурхайг нийтэд нь хамарсан анхны зуны ажлаа бүрэн хэмжээгээр эхлүүлж байгаа бөгөөд Рио Тинто нь энэхүү худалдан авах эрхээ ийнхүү хугацаанаасаа өмнө хэрэгжүүлсэн нь Оюутолгойн төсөв, санхүүжилтийн баталгааг хангах чухал алхам боллоо” хэмээн талархсан байдаг. Түүнчлэн хавсралтад нь “2006 оны аравдугаар сард анхлан байгуулсан эх гэрээний дугаа 2009 оны аравдугаар сард “Рио Тинто” нь “Айвенхоу майнз” дахь өөрсдийн эзэмшлийг 9,9 хувиас 19,7 хувь болгон нэмэгдүүлж байсан. Мөн энэ оны гуравдугаар сард өөрсдийн хувийг нэмж 22,4 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Цаашид “Рио Тинто” энэ удаагийн 29,6 хувиа 44,3 хувь болгон нэмэгдүүлэх боломжтой бөгөөд нээлттэй зах зээл дээрээс хувьцаа худалдан авч өөрийн эзэмшлийг хамгийн ихдээ 46,6 хувьд хүргэж болох юм” гэж мэдээлсэн удаатай.

“РИО ТИНТО”-ГИЙН ХУВИЙГ 46,6 ХУВЬД ХҮРГЭХ БОЛОМЖГҮЙ

2010.08 сар. “Айвенхоу майнз” компани энэ сарын 19-ний өдөр хоёр сарын өмнө хэлэлцэж ярьсан байсан саналаасаа татгалзаж, “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтыг хязгаарласан шинэ журам гэгчийг гаргах нь тэр. Уг журмаараа тэд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хамгаалж байгаа хэмээн тайлбарлаж улмаар “Рио Тинто”-гийн хувь эзэмшлийг нэмэх нь эргээд “Чайналко”-г Оюутолгойд оролцох боломжийг нээх үндэс болно гэдэг тайлбарыг дэлхий нийтэд цацав. Үүнд нь өөрсдийгөө өнгөрсөн таван жилийн турш “Айвенхоу майнз”-ын гол хувьцаа эзэмшигч болно гэдгээ зарлаж, стратегийн итгэлтэй түнш болохоо тунхаглаж ирсэн “Рио Тинто”-гийнхнийг хүнд цохилтод оруулж, арга буюу арбитрын шүүхэд өргөдөл өгөөд байгаа. Эндээс “Рио Тинто”-гийн удирдлагууд “Айвенхоу майнз” 2006 оны аравдугаар сард байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээ зөрчиж байна” гэсэн бол түншлэгч тал нь “Рио Тинто”-той байгуулсан тусгай хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан зүйл, заалт байхгүй” гэдэг тайлбар өгсөн. Гэхдээ анхандаа 46,6 хувийн талаар амлалт өгөөгүй биш өгсөн болохыг дээрх мэдээллээс харж болно.

Одоогоор дээрх хоёр компанийн удирдлагууд хувьцаатай хол­боотой ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. Гэ­сэн ч өөрчлөлт, шинэчлэлт хөрөнгө оруулагчдын эрх ашигтай хол­боотойгоор ямар хурдан хуга­цаанд болж өнгөрдгийг дээрх баримтууд та бидэнд нотолж буй. Гэхдээ энэ асуудалд нийтлэлийн эхэнд сануулсан ёсоор бодож үзэхэд Монголын Засгийн газар магтаалын үг урсгаж, хаяанд очиж хуралдахаас илүү хатуухан үгээр даруулга өгөх нь зөв байсан болов уу.

БИ ОЮУТОЛГОЙН АНКЕТИЙГ ХАРААД ГАЙХСАН

Манай сонины 2010 оны наймдугаар сарын 30-ны дугаарт “Манай ах УИХ-ын гишүүн. Би Оюутолгойд ажилд ормоор байна” гэсэн нийтлэл гарсан билээ. Энэ нийтлэлийн хүрээнд уншигчдын интернэтээр ирүүлсэн сэтгэгдлүүдээс хүргэе.
Уг нийтлэлийн агуулга нь “Оюутолгой” ХХК-д ажилд орохыг хүссэн иргэдээс “Таны хамаатан садан, найз нөхдөөс хэн нэгэн нь Монгол Улсын төрийн байгууллагад ажилладаг бол энэ тухайгаа заавал бичнэ үү. Тэр хүний овог нэр, албан тушаал, таны юу болох талаар дэлгэрэнгүй бичээд Засгийн газар, орон нутгийн, хотын засаг захиргаанд ажилладаг албан хаагч, Засгийн газрын ажилтан, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, Олон улсын байгууллагын ажилтан /Тухайлбал: НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт/ уу гэдгийг тус бүрт нь тодруулж асуусан байгаа. Мөн болоогүй ээ “Эсвэл дээрх төрийн болон бусад байгууллагын ажилтан биш боловч эдгээр байгууллагыг төлөөлөх эрх бүхий хувь хүн үү” хэмээн лавладаг тухай мэдээлсэн байсан юм.
-Ийм анкет байдаг нь үнэн. Би бөглөж үзэж байсан. Тэр үед ямар сонин юм бэ гэсэн бодол төрж байсан.
-Яагаад ч хөрөнгө оруулагчид ингэж ажиллах нь зөв биш. Ажилд орохын тулд төрд ажилладаг хамаатан садан, найз нөхөд гээд бүх зүйлээ тоочоод бичээд байж болох уу. Энэ чинь арай дэндэнэ ээ. Тэгээд бас буруу өгсөн мэдээллээс болж ажилаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Гадаадын олон том компанид ажлын анкет бөглөж үзэхэд нам, улс төр болон мөн танил тал, найз нөхдийнхөө тухай бөглөдөг анкет нэгийг ч хараагүй л юм даа.
-Хэрэв би Монголд компани байгуулбал яг ийм анкетаар ажилд авна. Ах дүү, хамаатан саднаар дүүргэхгүй. Бас дээд албан тушаалтан ахаар нь ч юмуу дарамтлуулахгүй.
-Арай ийм асуулт ажилд авахад байхгүй байлгүй дээ. Ядаж тэр анкетийг нь үзүүл л дээ. Үнэхээр тийм байгаа бол ийм хууль зөрчсөн компанийг Монголд байлгах шаардлагагүй.
-Би Лондонд сургууль төгсөөд ирсэн. Анх энэ анкетийг хараад үнэхээр гайхсан. Хуучин Оросын КГБ-ээс илүү хачин санагдсан шүү.
-Ядахад чинь Монгол Улсын хуулийг зүгээр л уландаа гишгэсэн анкет байна шүү дээ. Тэр Хөдөлмөрийн хуульд чинь хүнийг ажилд авахдаа тухайн ажилд холбогдолгүй асуулт тавихыг хориглодог гээд тодорхой биччихсэн байгаа.
-Ийм асуулт тавих нь маш бүдүүлэг шүү дээ. Бид өөрсдөө балиар танил талаараа ажил бүтээдэг болохоор гадныхан ч гэсэн тийм аргаар л ажил явуулж байна.
-Оюутолгойн сайтад орж үзлээ. Үнэхээр ийм асуулт байдаг юм байна. Энэ үнэхээр цаана нь ямар сонирхол нуугдаж байгаа нь тодорхойгүй. Өндөр албан тушаалд ажилладаг найз нөхөд, ах дүүтэй хүмүүсийг ажилд авчих сонирхлоо илт илэрхийлж байна гэж ойлгож болох уу.
-Энэ хүний эрхэнд халдсан маш бүдүүлэг асуултууд байна.
-Монголын хуулийг зөрчөөгүй бол хувийн компани юу асууж, ямар шалгуураар хөлсний ажилчдаа авах нь тэдний эрх. Ийм юм гадаадад хэзээ ч асуудаггүй нь үнэн ч энэ нь Монголд тэд бас ингэх эрхгүй гэсэн үг биш. Эцсийн эцэст гадныхны Монголд ёс бус авирлаж байгаа энэ бүх байдал улстөрчидтэй холбоотой. Тэд ийм байлгах сонирхолтой байгаа. Яагаад гэдэг нь ойлгомжтой.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж