Сурвалжлага: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй нь биш төлдөг нь хохирч байна

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй нь биш төлдөг нь хохирч байна

Сурвалжлага: СӨХ-ны төлбөрөө төлдөггүй нь биш төлдөг нь хохирч байна

Сүүлийн жилүүдэд барилга орон сууцнуудыг нүд ирмэхийн зуурт  сүндэрлүүлдэг болсон. Энэ хэрээр орон сууцанд амьдрах иргэдийн эрэлт нэмэгдэж буй. Хэн бүхэн паартай байшин, паалантай жорлонд амьдрахыг хүсэлгүй яах билээ. Орон сууцны хороололд амьдрах айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлагад нь нийцэх, тохижилт, тав тухтай орчин бүрдүүлэхэд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/  ажиллах ёстой.  Үеийн үед СӨХ-ны мөнгө төлдөг, төлдөггүй, түүнээс болоод орон сууцны хорооллын тохижилт, үйлчилгээ муу байдаг гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл СӨХ-ны үйл ажиллагаа болоод иргэд СӨХ-ны үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байдаг талаар сурвалжиллаа.


“СӨХ-НЫ ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙГЭЭС ЗАСВАР, АРЧЛАЛТАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Гэрээ засаад төрөө зас гэдэг. Оршин суугчид орон байрандаа цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй амьдрахыг хүснэ. Гэвч энэ нь тийм ч амар биш аж. Олон айл нэг дор арга эвээ олж айлсаж амьдарна гэдэг их ур ухаан, сэтгэл шаардана. Үүнийг зохицуулах, барилгын өнгө төрх, тухайн орчны тав тух, үзэмжийг байгаа чигээр нь хадгалах үүргийг хүлээдэг анхан шатны нэгж нь СӨХ. Харин уг үйлчилгээг авахын тулд оршин суугчид тодорхой төлбөрийг СӨХ-д төлдөг. Нөгөө талдаа оршин суугчид СӨХ-ийн төлбөр төлөөгүйгээс тохижилт, үйлчилгээгээ хийж чадахгүй болдог.

Баянзүрх дүүргийн “Шинэ амгалан” СӨХ.  “Шинэ амгалан” СӨХ оршин суугчдаас сар бүр авдаг 32500 төгрөгийг гэрэл гэрэлтүүлэг, жижүүр цэвэрлэгээ, лифт, хог ачилт зэрэгт зарцуулдаг байна. Мөн үүнээсээ СӨХ-ны ажилчдын цалин, урсгал засвар зэрэгт зарцуулдаг аж. Хог ачилтад нэг айлын 2000 төгрөг гэж тооцоход сард 856 мянган төгрөгийг төлдөг. Мөн нэг лифтэнд 175 мянган төгрөг гээд гурван блок байрны зургаан лифтэнд нэг сая орчим, тогны мөнгө 3 сая орчим төгрөг, үйлчлэгчийн хөлс 700 мянган төгрөг төлдөг байна.

Баянзүрх дүүргийн “Шинэ амгалан” СӨХ-ны дарга Б.Мөнхмарт “Манай хотхон гурван блок 428 айлтай. СӨХ 2021 онд байгуулагдсан. СӨХ-ны  мөнгө сард нэг айлаас 32500 төгрөг авдаг. Айлуудын хувьд 50-60 хувь нь мөнгөө төлдөг. Үлдсэн айлуудаас зарим нь төлбөрөө хагас дутуу, бүр огт төлдөггүй ч айл бий. Байр ашиглалтад орсноос хойш гурван жил огт төлөөгүй айлууд ч бий. Зарим нь төлөөд зарим нь төлөхгүй ч төлөгдсөн мөнгөөрөө засвар үйлчилгээ, тохижилтын ажлаа хийхийг хичээж л байна. Төлбөрөө төлөхгүй байгаа айлын тог, цахилгааныг хязгаарлах эрх байхгүй. Мөнгөө өгөөрэй гэж хэлэхээс хэтрэхгүй  байна” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 38-р хорооны “Харуул Алтай” СӨХ.  “Харуул Алтай” хотхон нь нийт 800 орчим өрхтэй. Тэдний 80 орчим хувь нь СӨХ-ны мөнгөө төлдөг. Сарын төлбөр нь нэг давхрын айл 17630 төгрөг. Хоёр давхраас дээш айлууд гражтайгаа нийлээд 38850 төгрөг байдаг.  Тус СӨХ-ын дарга Р.Алтанцэцэг “Манайх 2015 оны тавдугаар сард байгуулагдсан. Төсөв мөнгө хүрэлцэхгүй ажил хийхэд хүндрэлтэй, дээрээс нь ажилчин олдохгүй, зарим айлууд нь төлбөрөө төлөхгүй гээд олон асуудал байна. 2015 оноос хойш бараа материалын үнийн өсөлт ямар байгаа билээ, засвар шинэчлэл хийхийн тулд мөнгө хэрэгтэй, дээрээс нь төлбөр нэмээгүй учраас цалин нэмж чадахгүй, үйлчлэгч, ажилчид ч олдохгүй байна. СӨХ-ны төлбөрөө нэмэх гэхээр айлууд эсэргүүцдэг. СӨХ-ны төлбөрөө зургаан жил төлөөгүй ч айл байна. Ийм айлуудыг шүүхэд өгөсөн ч хэрэг нь маш удаан шийдэгддэг, бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байхад ч шийдэгдсэн юмгүй  байна”.

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны “Ахмадын хотхон” СӨХ. Тус байр 300 айлтай бөгөөд мөнгө нэг, хоёр давхрын айлуудаас 21 мянган төгрөг, хоёроос дээш давхрын айлуудаас 28 мянган төгрөг авдаг аж. СӨХ-ны дарга Ж.Батцогт “Манай байр 300 айлтай. 2023 оны нэг сард СӨХ байгуулсан. СӨХ-ны төлөлт 60 хувьтай байдаг. Нэг жил төлөөгүй 50 айл байна. Сар бүр хаалгыг нь тогшоод мөнгөө төлөөрэй гэхээс өөр хийж чадах зүйл байхгүй. Шаардлага тавихаар зарим айлууд юу хийсэн гэж мөнгө авах гээд байгаа юм гэж уурладаг. Гэтэл мөнгөө сар бүр төлдөг айлууд нь уурладаг. Айлууд бүгд мөнгөө төлөхгүй болохоор ажилчдаа цалинжуулж чадахгүй, хогоо ачуулж чадахгүй, засвар арчлалтаа хийж чадахгүй л байна” гэсэн юм.

Яг түүн шиг “зовлон”-той маш олон СӨХ бий. Мөнгөө өгсөн айлууд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж,  хуримтлалын мөнгө авдаггүй учраас урсгал засвар хийх боломжгүй. Энэ мэт асуудлыг зохицуулдаг хууль эрх зүй нь тодорхой болчихвол хаа хаанаа асуудал үүсэхгүй СӨХ-ныхон хэлж байлаа.

АЙЛУУД МӨНГӨӨ ТӨЛДӨГ Ч АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХАЙХРАМЖГҮЙ СӨХ Ч ОЛОН

СӨХ-ны төлбөрөө тогтмол төлдөг, бүх айл өрх нь биш ч дийлэнх нь тогтмол төлбөрөө төлдөг орон сууцны хорооллууд ч мөн бий. Тэдэнд өөр нэг “зовлон” байдаг нь СӨХ нь ажилгүй.

Сар бүр төлбөрөө төлөөд хогоо тогтмол ачих, орчны гэрэлтүүлэг, цэвэр цэмцгэр байлгах, засвар үйлчилгээг сайжруулах шаардлага тавиад ч мөнгөө аваад хэнэггүйхэн сууж байдаг СӨХ олон байдаг аж.

Баянзүрх дүүргийн  наймдугаар хороонд байрлах “Баганат өргөө” хотхон. Тус хотхоны оршин суугчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Учир нь Баганат хороолол СӨХ нь 800 орчим айлтай хотхон хариуцдаг ч огт ажил хийдэггүй. Цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, хаалга үүд нь эвдрээд олон хонодог, камержуулалт хангалтгүй, хогоо цаг хугацаанд нь ачуулдаггүй, бохир заваан зэрэг маш олон асуудал байгааг хэлж байлаа. СӨХ байгуулагдаад хоёр жил болсон ч энэ хугацаанд огт ажил хийгээгүй гэнэ.

“Баганат өргөө” хотхоны оршин суугч Д.Дарьсүрэн “Манай байр 2020 онд ашиглалтад орсон. Хаалганы домофон систем нь их эвдэрдэг. Тэрийгээ засаад өгөөч гээд оршин суугчид байнга хэлдэг. Орцны хаалга онгорхой учраас өвөл согтуу хүмүүс орцонд хононо, шээнэ гэх зэрэг асуудал их гарсан. Би СӨХ-ны мөнгөө сар бүр төлдөг. Тийм болохоор эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдармаар байна. Заримдаа лифтний мөнгөө төлөөгүй гээд нэг лифтийг нь зогсоочихдог. Өглөө оройд сургууль цэцэрлэг орох, тарах үеэр нэг лифтэнд ачаалал нэмэгддэг. Энэ мэт асуудлууд манай хотхонд бий. СӨХ-д хэлээд ямар ч нэмэргүй, төлбөр авдаг ч тайлан тооцоогоо мэдээлдэггүй. Хаана юунд хэдэн төгрөг зарцуулж ажил, үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй. Нөгөө талдаа оршин суугчид байгаа орчиндоо цэвэр, хогоо хогийн саванд хийдэг, нийтийн эзэмшлийг эвдэж, гэмтээхгүй байхад анхаарах хэрэгтэй. Аль аль талдаа анхаарч байж нийтийн эзэмшлийн газарт цэвэр, тохилог тайван амьдарна” гэсэн юм.

Оршин суугч, СӨХ хоёрын дундах төлбөрөөс үүссэн маргаан олон жил үргэлжилж буй. Тодорхой менежментгүй, эрх зүйн зохицуулалтгүй энэ асуудлаас үүдэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ажлаа хийх төсөвгүйгээс ажилчин олдохгүй, засвар үйлчилгээгээ бүрэн үзүүлж чадахгүй байгааг иргэд болон СӨХ-үүд хэлж байлаа.

СӨХ бол нийтийн зориулалттай орон сууцны дундын өмч, эд хөрөнгийг хариуцах зорилгоор иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулдаг ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага.

Монгол Улсын хэмжээнд 1638 СӨХ 8007 орон сууцыг хариуцан, 14 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.

СӨХ-тэй холбоотой санал, шүүмжлэл их ирдэг бөгөөд хуулийн байгууллага Иргэний хуулиар асуудлыг шийддэг байна. Хуулийн байгууллагад 2020-2023 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Сууц өмчлөгчдийн холбоотой 15174 өргөдөл санал гомдол иржээ. Ирсэн гомдлыг хэлэлцэх хугацаа маш урт, багадаа жил гаруй хугацаа зарцуулдаг гэдгийг СӨХ-ныхон хэлж байсан юм.

Эрх зүйн зохицуулалт нь тодорхойгүй иргэд хохирч, СӨХ нь алдагдал хүлээсээр ирсэн энэ асуудлыг шийдэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн болон эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэхээр судалгаа авч, олон нийтээр хэлэлцүүлсэн. Ийн хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас дэмжсэнээр удахгүй УИХ-д өргөн барихаар болжээ. УИХ-ын 2024 оны хаврын чуулган удахгүй хаалтаа хийж, сонгууль ойртсон учраас энэ хуулийн төсөл ирэх парламентын 126 гишүүнд шилжих болов уу. Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, өөрчлөх, тодорхой хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийг боловсруулжээ.

СӨХ-НЫ ТӨЛБӨРӨӨ 6 САРААС ДЭЭШ ХУГАЦААГААР ТӨЛӨӨГҮЙ БОЛ МОНГОЛБАНКНЫ "ХАР ЖАГСААЛТ"-Д ОРНО

Хуулийн төсөл оршин суугчид болон СӨХ-ны эрх ашиг, хариуцлагыг зохицуулах заалтуудыг оруулж өгснөөрөө онцлогтой гэж хууль санаачлагчид хэлж байлаа. Тухайлбал, СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхээр зохицуулжээ.

Харин “хар жагсаалт”-д орсноос хойш 14 хоногийн дотор төлбөрөө төлбөл жагсаалтаас хасах зохицуулалтыг ч хууль дагасан журам тусгахаар төлөвлөсөн байна.

Мөн СӨХ-ны санхүүжилттэй холбоотойгоор их засвар, арчлалтын ажлыг хийхийн тулд тусгай сан байгуулах, мөн байрны орчны ногоон байгууламж, тоглоомын талбайн газрыг аж ахуй нэгжид зарахгүй байх зэрэг олон чухал зохицуулалтыг тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын сайдын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, оршин суугч, сууц өмчлөгчдийн холбооны эрх үүрэг,хариуцлагыг маш нарийн тусгаж өгнө. Оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхтэй холбоотой хуулиар өмнө нь зохицуулагддаггүй байсан харилцааг илүү тодорхой нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байгаа. Тухайлбал, СӨХ-ны үр дүн тайлан мэдээлэл оршин суугчдад ил тод байдаг, иргэдийн сар бүр төлдөг мөнгө юунд зарцуулагдаж байгааг тодорхой  болгож өгнө. Нөгөө талаас оршин суугч айл  СӨХ-ны төлбөрөө төлж үүргээ биелүүлэх шаардлагатай. Үүргээ биелүүлэхгүй байгаа айлд хариуцлага хүлээлгэдэг болно.

Мөн орчны талбай буюу тоглоомын талбай гэрэл, гэрэлтүүлэг зэрэг ногоон байгууламж байх ёстой газрыг нь хууль бусаар бусад аж ахуй нэгж компаниудад эзэмшүүлснээс болж иргэд хохирч эрх ашиг нь зөрчигддөг. Энэ асуудлыг бүрэн шийдэх зохицуулалтыг тусгасан.

Дараагийн чухал зүйл нь орон сууцны хорооллуудын засвар арчлалтын ажил их маргаан дагуулдаг. СӨХ-ны сар бүр авдаг мөнгө нь их засвар хийхэд хүрэлцдэггүй, хуримтлал үүсгэж чаддаггүй. Үүнээс болж өмч хөрөнгө үнэгүйдэх, үнэ цэнээ алддаг. Үүнийг шийдэхийн тулд засвар арчлалтын сан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ нь цаашид иргэдийн өмчийн үнэ цэнийг хадгалах, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг бий болгоно. СӨХ ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болгох нь зөв юм байна гэж харж байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийг нэмж тусгаж өгнө. Үүргээ биелүүлдэггүй хууль зөрчдөг албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоно. Нөгөө талаас СӨХ тайлангаа тавьдаггүй, иргэдэд мэдээлэл өгдөггүй удирдлагуудад хариуцлага тооцдог асуудлыг тодорхой болгоно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж