Жо Байден, Дональд Трамп нар зургаа, есдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар тохиролцсон байна. Энэ үед Цагаан ордны асуудал болон олон улсын асуудлууд хөндөгдсөн чухал "тулаан" болно гэж шинжээчид дүгнэлээ.
"CNN" агентлаг зургадуаар сарын 27-нд Жоржиа мужид анхны форумыг зохион байгуулах бол "ABC" агентлаг есдүгээр сарын 10-ны хоёрдох мэтгэлцээнийг дааж авсан. Ардчилсан намаас нэр дэвшсэн ерөнхийлөгч Байден арваннэгдүгээр сард болох сонгуулийн өмнө Бүгд найрамдах намын Трамптай мэтгэлцэх нөхцөлөө тодорхойлж, бэлдэж эхэлсэн байна. Жоржиа мужийн Атланта хотод болох мэтгэлцээнийг Жейк Таппер, Дана Баш нар хөтлөх бөгөөд үзэгчидгүй байхаар төлөвлөсөн. Өмнөх сонгуулийн мэтгэлцээнүүдийг бодвол энэ удаагийнх эрт товлогдсон аж.
"ABC" телевизийн хөтлөгч Дэвид Муир, Линси Дэвис нар хоёр дахь мэтгэлцээнийг удирдана. Гэхдээ хаана зохион байгуулагдах нь тодорхойгүй байна. Бие даан нэр дэвшиж буй Роберт Кеннеди Жуниор хоёр гол нэр дэвшигчийг өөрийг нь хасуулахаар тохиролцсон гэж буруутгав. Тэрбээр "CNN"-ийн мэтгэлцээнд оролцохын тулд телевизийн тавьсан шаардлагыг хангана гэж мэдэгджээ.
"Fox News" агентлаг аравдугаар сарын 2-нд гуравдах мэтгэлцээнийг зохион байгуулах хүсэлт Дональд Трампт тавьсан. Гэхдээ Байден үндсэн хоёр мэтгэлцээнд оролцох болзол тавьсан тул саналыг хэрэгсэхгүй болгож магадгүй байна. Трампын хувьд сар бүр мэтгэлцээнд оролцох боломжтой гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр " АНУ-ын иргэн бүр хоёрхон мэтгэлцээнээр сонголтоо хийж болохгүй. Зүгээр л надад хэзээ мэтгэлцэхээ хэл. Бүх зүйлийн байрыг өөрчлөөд өгье" гэжээ. Үүний хариуд Байден өрсөлдөгчийнхөө шүүхийн асуудлыг дурсаж "Лхагва гаригт л завтай" гэж хариулсан байна.
Эх сурвалж: BBC