Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Чу-Аэгийн хамтаар Мягмар гаригт Пёньяны шинэ гудамжны нээлтийн ёслолд оролцжээ. Тус гудамжийг Пёньяны хойд хэсэгт шинээр барьж байгуулсан. Хойд Солонгосын төрийн хэвлэлд мэдээлснээр шинэ гудамж нь залуусыг эрхэмлэдэг эрх баригч Ажилчны намын үзэл баримтлал үнэн зөв байдгийн тод нотолгоо аж. Тус гудамжинд 80 давхар орон сууц болон бусад шинэ барилга бий.
Чу-Аэ охин хамгийн сүүлд гуравдугаар сарын 15-нд цэргийн арга хэмжээнд оролцсон билээ.
Түүнчлэн Ким Жон Ун Лхагва гаригт эрх баригч намын албан тушаалтнуудад зориулж шинэхэн баригдсан "Солонгосын Хөдөлмөрийн намын боловсон хүчин бэлтгэх төв сургууль"-иар зочилжээ. Уг сургуулийг Умардын улс төрийн үзэл суртлыг хөгжүүлэх төгс байгууламж гэж үзэж байна. Тэрбээр гуравдугаар сарын 30-нд сургуулийн барилгын ажил хараахан дуусаагүй байх үед нэг удаа энд зочилжээ. Уг сургууль нь Кимилсунизм-Кимжонилизм буюу өмнөх удирдагчдын үзэл санаанд суурилсан сургаалийг үргэлжлүүлж, эрх баригч намыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа Ким Жон Ун илэрхийлсэн.
Солонгосын Хөдөлмөрийн намын боловсон хүчин бэлтгэх төв сургууль нь 1946 онд байгуулагдсан Төв Намын сургуулиас улбаатай. 2020 онд болсон намын улс төрийн товчооны хурлаар тус сургуулийг хүнд суртал, авлига хээл хахуульд автсан гэж шүүмжилсний дараа нэрийг нь өөрчилсөн аж.
Ким Жон Уны сүүлийн өдрүүдийн ажил үүгээр дууссангүй. Тэрбээр Лхагва гаригт шинэ тактикийн пуужингийн системтэй танилцаж, дайны бэлтгэлд өөрчлөлт хийхийг уриалсан байна. Энэ удаад Ким Жон Уны танилцсан шинэ зэвсэг нь "Хвасон-11 Ра" ойрын тусгалтай баллистик пуужин гэж таамаглаж байна.
"Хвасон-11 Ра" нь 100 километрийн тусгалтай бөгөөд 25 км-ийн өндөрт нисэх зориулалттай. Энэ нь газар доорх дайсны байг цохих чадвартай бөгөөд Өмнөд Солонгосын газар-газар ангиллын тактикийн пуужинтай төстэй гэж үзэж байна.
Холбоотой мэдээ