Сонгууль ойртох тусам улс төрийн тогоонд халуу шатаж байна. Тэр тусмаа ирэх Даваа гаригт аль намаас хэн нь жагсаалтаа ахалж, хэн нь аль тойрогт өрсөлдөх талаар эцсийн цэгийг хатгах хүртэл олон зүйл өрнөхөөр байна. Хэн нь хэзээ гартаа байгаа нууц хөзрөө дэлгэж, хэн нь дэлгэсэн хөзөртэй нь хамт дэнчинд тавьсан бүхнээ алдахыг харахад хэдхэн өдөр дутуу байна. Цаг нь болоогүй байхад бөмбөг дэлбэрч цаашлаад намынхаа нэр нүүрийг шатаачихгүй юм сан гэж дор бүрнээ хичээж л байгаа харагдана. Бүх зүйл цаг хугацаатай байдаг болохоор тэвчээртэй нуусан хөзрөө эхнээсээ дэлгэж, улс төрийн хүрээн дэх эрх мэдлийн төлөөх тоглоом улам сонирхолтой болж байна.
Тухайлбал, өчигдөр Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Нийслэлийн МАН-ын Бага хурал ирэх Бямба гаригт хуралдаж, түүнийг чөлөөлж, оронд нь Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг томилохоор тохирсон гэх мэдээлэл бий. Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар Нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байсан. Үүний дараа тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдаж оролцсон бөгөөд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.
Ингээд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хотын дарга болсон. Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийнхээ итгэлийг дэнслэн байж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын албыг, нийслэлийн МАН-ын хорооны даргатай хослуулж, Д.Сумъяабазар давхар дээлтэй данхалзаж явсан.
“Муу үг чихэнд халтай, Муу үйл аминд халтай” гэгчээр Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан но-той ногоон автобуснаас болж олон хүн албан тушаал, нэр хүнд, намын нөхдөөсөө салж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулж байна. Тухайлбал, “но-той ногоон”-ноос болж Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар 2023 оны аравдугаар сарын 2-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөө рүү орохдоо өөрийн гэм буруугүйд гүн итгэлтэй байсан Д.Сумъяабазар гурван цагийн дараа гарч ирэхдээ “Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх” өргөдлөө өгсөн. Энэ хугацаанд хотын даргын ажлаа өгсөн ч нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгөхгүй байх, но-той ногоонтой нэр холбож яллагдагчаар татагдахгүй байх тохироо хийсэн гэх таамаг олны дунд бий.
Сайд асан Ж.Сүхбаатарын хувьд ногоон автобусны хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бол хотын дарга асан Д.Сумъяабазар сугарч үлдсэн. Ямартай ч Д.Сумъяабазарын давхар дээл ийнхүү дан болсон түүхтэй.
Тэрбээр 2020 оны сонгуульд нийслэлийн МАН-ын хороогоо Д.Амарбаясгалан даргаас нэг ч тусламж авахгүйгээр ялж чадсан. Тиймээс "2024 онд нийслэлийн МАН-ын хороогоо би өөрөө удирдаж, сонгуульд орно" гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл уг мэдэгдлээсээ Д.Сумъяабазар буцаж, өөртөө байгаа ганц дээлээ өөрийн хүсэлтээр тайлж, өрөөлд өмсүүлэх хүсэлт гаргасан нь зүгээр ч нэг тохиолдол биш болов уу.
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн жил Нийслэлийн намын хорооны дарга гэдэг алт шиг үнэтэй албан тушаал. Энэ албан тушаалд байгаа хүн “өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь бүү хэл” өөр хүнд алдчихвий хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болох учиртай.
Гэтэл Д.Сумъяабазар сонгуулийн өмнө, сонсголын өмнө үлдсэн ганц дээлээ тайлж шидэх нь… Тэрбээр, хотын даргын суудлаас буухдаа ч, Нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгөхдөө “Өөрийн хүсэлт”-ээр давхар давхар дээлээ тайлж шидээд байгаа нь хачирхалтай.
Бүтэн дээлтэй үлддэггүй юм аа гэхэд даавууны өөдөстэй ч болов үлдэхийн төлөө тэмцэх л ёстой хүн. Үнэхээр хүч нь хүрэхгүй болоод бууж, өгсөн үү, өөр шалтгаан байсан уу гэдгийг цаг хугацаа удахгүй харуулна.
Аль ч намд үзэл бодлын зөрчилдөөн бас маргалдаан бий. Ардчилсан намын зодоон үргэлж олны нүдэн дээр байсаар ирсэн бол МАН-ын зодоон хөшигний ард өрнөдөг. Хөшигний арын зодоон үе үе үзэгчдийн өмнө ил гарч ирэх нь бий. Д.Сумъяабазарыг хотын даргын суудлаасаа огцорсоны дараа Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа өгөх ёстой гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан илэрхийлж байсан. Тухайлбал, тухайн шатны Засаг дарга нь тухайн шатны намын хорооныхоо дарга болж байж бодит эрх мэдэлтэй, төвлөрсөн болдог. Энэ бол улс төрийн жишиг шахуу зүйл" гэж хэвлэлд ярьсан.
Хотын даргын суудлаасаа бууснаасаа хойш Д.Сумъяабазар ам нээлгүй байсаар саяхан автобусны худалдан авалтанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан холбоотой гэж ярьсан зэргээс харахад сонгуулийн өмнө МАН-ын гишүүд хөнжил дотөрх жийлцээн хальж байх шиг.
Нийслэлийн МАН-ын хорооны даргаас Д.Сумъяабазарыг чөлөөлж Х.Нямбаатарыг томилох шийдвэр гарч мэдэхээр байгаагаас харахад Д.Амарбаясгалан “Хотын дарга хийж байгаа хүн нь нийслэлийн намаа удирдах ёстой” гэх агуулгыг зүгээр ч нэг хэлээгүй бололтой.
Ирэх Бямба гаригт хуралдах нийслэлийн МАН-ын Бага хурал "даруухан" болж, Х.Нямбаатар тамгаа гардаж, сонгуулийн ажилдаа шуудрах нь төлөвтэй. Нийслэлийн МАН-ын дарга УИХ-ын сонгуулийн нийслэлд нэр дэвшигчдэд мандат өгөх эсэхийг шийддэг эрх мэдэлтэйн дээр, намаа нийслэлд ялуулах томоохон үүрэг хүлээж буй. Тиймээс нийслэлийн МАН-ын удирлагын сэлгээнээс хамаарч, 2024 оны УИХ-ын сонгуульд горилогчдын хувь заяа ч хөндөгдөж мэдэхээр тоглоомын дүрэм өөрчлөгдөнө.
Улс төрд мөнхийн найз гэж үгүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг гашуун боловч үнэн хууль үйлчилсээр, олон хүн ч хөлд нь чирэгдсээр л явна.
Холбоотой мэдээ