Засгийн газрын ордныг Номтын аманд байгуулах "үлгэр"

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ордныг Номтын аманд байгуулах "үлгэр"

Засгийн газрын ордныг Номтын аманд байгуулах "үлгэр"

УИХ-ын сонгуулийн босгон дээр Засгийн газрын ордныг Хөшигийн хөндий рүү нүүлгэхээ танхимын тэргүүн зарласан нь хэзээ ч хэрэгждэггүй төслүүдийн нэг болж, төгсөх үү,  эсвэл  “20 минутын хот байгуулж” гайхамшгийг үзүүлэх үү гэдгийг одоогоор таамаглах аргагүй байна.

Төрийн ордонд Ерөнхийлөгчийн институти, УИХ, Засгийн газар байрладаг.

Ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгуулийн үр дүнд шинэ парламент байгуулагдана.  Шинэ парламент 126 гишүүнтэй болох тул Засгийн газрыг Тагнуулын ерөнхий газрын байр луу нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдөж эхэлсэн.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдан тогтоол баталж, дээрх асуудлаар  Засгийн газарт чиглэл өгсөн байдаг. Иймээс  шинэ УИХ бүрдэхээс өмнө Засгийн газар Төрийн ордноос нүүх шаардлагатай болж буй. Гэхдээ Тагнуулын ерөнхий газрын байр руу Засгийн газрыг нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдөхтэй зэрэгцэн "Улсын нүд чих болсон газрыг байрнаас нь хөдөлгөж болохгүй" гэх шүүмжлэл ч гарах болсон.

УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,  Хот байгуулах тухай тогтоолын төсөлд зааснаар Засгийн газар яам, агентлагуудаа дагуулаад Төв аймгийн Хөшигийн хөндий рүү нүүнэ.  Хуулийн төсөлд Номтын аманд Засгийн газрын ордныг барихаар төлөвлөсөн. Мөн Ерөнхийлөгчийн ордныг Хархоринд барих төлөвлөгөө гараад удаж буй. Иймээс Их тойруу дотор эрх мэдлийн дайн үүсгээд удаж буй гурван институци Хархорин, Номтын ам, Улаанбаатар хот гэсэн гурван өөр газарт байршуулахаар болж буй нь нэг талдаа зөв байж мэдэх ч энэ төлөвлөгөө хэрэгжинэ гэдэг итгэл найдвар төрүүлэхгүй байгаа юм.

Учир нь, үүнээс өмнө парламентын ордныг Их тэнгэрт байгуулах асуудал хөндөгдөж, УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулсан тухай мэдээ чих дэлсээд таг болсон.

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах хүрээнд төрийн өмчийн их дээд сургуулиудыг нийслэлийн захын дүүрэг болох Багануур руу шилжүүлэх шийдвэрийг 2009 онд Сү.Батболдын Засгийн газар гаргасан ч бас л хэрэгжээгүй. Дараа нь томоохон зах, худалдааны төвүүдээ нийслэлээс гаргаж, Багахангай, Багануур, Налайх руу шилжүүлж, төвлөрлийг сааруулах тухай шийдвэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан ч мөн л хэрэгжээгүй юм.

Улмаар 2020 онд дахин төрийн өмчийн их дээд сургуулиудаа Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгууд руу нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг хөндсөн ч багш нар нь эсэргүүцсэнээр үндсэндээ бүтэлгүйтсэн.

Улаанбаатар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх гэж тав, зургаан жилийн ажил болж, арайхийн саяхан шинээр барьсан барилга руугаа очоод буй. Төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулж том шилэн барилгыг 2019 онд ашиглалтад оруулсан ч Нисэх, Яармаг руу түгжрэл ихтэй байснаас нийслэлийн төр захиргааны байгууллага саяхныг хүртэл Төрийн ордны баруун талын байрнаас хөдлөөгүй.

Харин Засгийн газраас “20 минутын хот” байгуулахаа зарласнаар нийслэл хөдөлсөн юм. Гэхдээ байр нь баригдаж ашиглалтад орсноос таван жилийн дараа нүүсэн гэж хэлж болно.

Засгийн газрын ордныг Номтын аманд байгуулахад дэд бүтцээ татахаас эхлээд том ажил хүлээж буй. Түүний дараа барилга барих ажил эхлэх учиртай. Үүнд маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болно.

Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэж чадаагүй гол шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг. Иймээс Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын ордныг Өвөрхангай, Төв аймаг руу нүүлгэн шилжүүлэхэд асар их санхүүжилт шаардлагатай болно. Түүнийг дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй тул гадаад зах зээлд бонд гаргах, гадаад орнуудаас хөрөнгө оруулалт татах зэргээр хөрөнгө босгох сувгуудаа нэмэгдүүлэхгүйгээр дийлэхгүй гэдгийг учирлах хүмүүс ч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж