Байр суурь: Улстөрчид Гэр бүлийн тухай хуулийг батлах "дургүй"

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Байр суурь: Улстөрчид Гэр бүлийн тухай хуулийг батлах "дургүй"

Байр суурь: Улстөрчид Гэр бүлийн тухай хуулийг батлах "дургүй"

Нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүлээс олон харилцаа соёолж, улс орныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гэр бүл тогтвортой байх нь улс орны нийгэм, эдийн засгийн байдалд эерэг нөлөөтэй гэсэн үг. Гэвч сүүлийн жилүүдэд гэр бүл салалт гэрлэлт батлуулахаас илүүтэй нэмэгдсэн бөгөөд үүнд хууль эрх зүйн хувьд анхаарах зайлшгүй шаардлага үүссэн  талаар холбогдох хүмүүс тайлбарлалаа. 


"СҮҮЛИЙН 5 ЖИЛД ГЭРЛЭЛТЭЭ БАТЛАХ 13.1 ХУВИАР БУУРЧ, ЦУЦАЛСАН НЬ  10.7 ХУВИАР ӨССӨН"

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.ИХТАМИР: 

-Нийгэм хөгжихийн хэрээр даяарчлагдаж байгаа энэ үед монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг ч дагаад хувьсч байна. Нийлмэл, олон соёлт, үндэстэн дамнасан гэр бүл гэхчлэн бүтэц хэв маягаас шалтгаалж Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ихээр үүссэн. Хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хууль ерөнхий зохицуулалттай. Тодруулбал, төрөөс нийгмийн анхдагч суурь болж байгаа нэгж болох гэр бүлийн хөгжлийг хэрхэн дэмжиж, ямар зохицуулалттай байх вэ гэдэгт нэн хэрэгцээтэй зүйл заалтууд дутагдаж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хууль батлагдах нийгмийн хэрэгцээ шаардлага өндөр байна.

Дөрвөн парламент дамжсан, одоо УИХ-д өргөн баригдсан байгаа тус хуулийг одоо парламентаар батална гэдэгт итгэлтэй байгаа.

Энэ хууль маш олон эрх зүйн зохицуулалт болоод нийгмийн харилцааг зохицуулсан хууль. Монгол Улсад 980 мянга гаруй өрх байна. Үүнээс эрэгтэй өрх толгойлж байгаа 15 мянган өрх, эмэгтэй өрх толгойлж 66 мянга гаруй өрх байна.

Сүүлийн таван жилийн судалгааг харвал гэрлэлтээ батлуулсан тоо 13.1 хувиар буурч, харин гэрлэлт цуцлуулсан тохиолдол 10.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

Тэгэхээр нийгмийн анхдагч суурь болсон нэгж гэр бүл тогтворгүй байгааг яах аргагүй бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн иргэдийн болоод, гэрлэгчдийн хүний эрх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үе шаттай ажлуудыг хийх ёстой. Гэр бүлийн орчинд хүн болж төлөвшиж, нийгмийн харилцаанд бэлтгэгдэхдээ хүмүүжил, ёс суртахуун, харилцаа хандлага гээд ертөнцийг үзэх үзэл ерөөсөө гэр бүлд төлөвшиж байдаг учраас гэр бүл рүү чиглэсэн бодлогын асуудлууд маш чухал байгаа.

Саяхан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуультай холбоотойгоор гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, хэрхэн хөгжүүлэх вэ, боловсрол болоод нийгмийн орчинд олон нийтийн арга хэмжээний үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн гамшгийн үед сэргийлэх хүүхэд хамгааллын  асуудлыг хуульчилсан.

Тэгэхээр одоо Гэр бүлийн тухай хууль л шинэчлэгдэн батлагдвал эрх зүйн хувьд бодит суурь болно. Ингэснээр гэр бүлийн хөгжлийг төрөөс хэрхэн дэмжих  нь тодорхой зохицуулалттай болно гэсэн үг. 2003-2018 он хүртэлх хугацаанд гэр бүлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжиж байсан. Одоо бол хугацаа нь дууссан. Тэгэхээр яах аргагүй хууль эрх зүйн хэрэгцээ шаардлага их байна.

"ТӨРӨӨС ГЭР БҮЛД БАРИМТЛАХ БОДЛОГОД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ЧУХАЛЧЛАХ ШААРДЛАГАТАЙ"

Гэр бүл судлаач доктор Б.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Төрөөс гэр бүлийн талаар баримталж байгаа бодлого, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагын талаар судлаачид судалгааг ихээр хийж байгаа. Тэр дундаа нүүдэлчдийн ёс заншил, үнэт зүйлд тулгуурласан гэр бүлийг хэрхэн авч үлдэх вэ гэдэгт судлаачид анхаарлаа хандуулж байна. Монгол гэр бүлийн үнэт зүйл нь нүүдэлчдийн соёл, ёс уламжлалд суурилагдаж, хэм хэмжээг сахих ёсыг дээдэлж, өвөг дээдэс, үр хойч гэсэн хэлхээнд оршдог. Бид байгалийн хатуу орчинд амьдардаг учраас эр хүйстэнгүйгээр оршин тогтнох хэцүү гэж үздэг. Тиймээс эрэгтэй хүйстнийг чухалчилж өргөмжилдөг. Эрчүүдийг чухалчилж өргөмжилж байгаагийн цаад утга учир бол амьдрахуйн оролцоотой холбоотой. Өнөөдөр монгол эрчүүдэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна. Жишээлбэл, эрүүл мэндийн хувьд дундаж насжилт эмэгтэйгээсээ 9.6 жилээр богино.

Эрчүүдийг дэмжих тодорхой бодлого байхгүйгээс шалтгаалж нийгэмд ажиллаж, амьдрах орлогын түвшин эмэгтэй хүнийхтэй адил эсвэл доогуур нөхцөлд байна. Энэ нь эрчүүдийн өөртөө итгэх итгэл, гэр бүлд эзлэх байр суурьт ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Тэгэхээр цаашид төрөөс гэр бүлд баримтлах бодлого, үйл ажиллагаанд гэр бүлийг хэрхэн жендерийн хувьд эрх тэгш, бат тогтвортой, эрүүл орчинтой байлгах гэдгийг эрх зүйн хүрээнд тусгах шаардлагатай болж байна. Мөн хүүхдийг эрүүл таатай орчинд өсгөж, хүмүүжүүлэх бодлого дутагдалтай байгаа. Ингэхийн тулд судалгаанд суурилсан бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг судалгаатай хийх шаардлагатай.

"ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ  БОЛ ТӨРИЙН БОДЛОГООС ШУУД ХАМААРНА"

Хууль зүйн доктор Ю.БАДАМХАНД:

-Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа шинэчлэн баталсан. Тус хуулийг дагаж Хууль зүй, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд нарын болон Цагдаагийн ерөнхий газрын даргын олон дүрэм журам батлагдан мөрдөгдөж байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө өгөх төвүүд, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ зэрэг тус бүрдээ чиглэлтэйгээр ажиллаж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт Монгол Улсад бүрдсэн. Хамгийн гол нь бичиг баримт хууль дүрэм батлагдаад гэр бүлийн хүчирхийллийг бууруулдаггүй.

Эрүүл, тогтвортой, сайн сайхан гэр бүлийг дэмжин бүрдүүлж, цогцлоох асуудал бол ерөөсөө л төр засгийн бодлогоос шууд хамааралтай. Энэ жишээг олон улсын туршлага харуулдаг. Гэр бүлийн бодлого хэр зөв сайн байна төдий чинээгээр улс орны иргэд нь аз жаргалтай, улсын хөгжил нь өндөр байдаг. Монголын тухайд гэр бүлд төрөөс баримтлах бодлоготой. Гэхдээ шинэчлэх шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулна гэж яриад байгаа.

Тодруулбал, Монголд хохирогч, хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогын шинэчлэл дутагдалтай.

Бодлогын дараагаар иргэд, олон нийтэд мэдээлэл, ойлголтыг сайн өгч, гэр бүлийн харилцаа маш чухал болохыг хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхэлж зааж, чиглүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж