Оросын төрийн "мэргэн ухаан"

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Оросын төрийн "мэргэн ухаан"

Оросын төрийн "мэргэн ухаан"

Тав дахь удаагаа бүрэн эрхийн хугацаагаа сунгасан ОХУ-ын ерөнхийлөгч Путин тавдугаар сарын 7-ны өдөр тангаргаа өргөсөн. Тэрбээр ОХУ-ын ерөнхий сайдын орлогчоор 2020 оны нэгдүгээр сараас хойш ажилласан Андрей Белоусовийг Батлан хамгаалахын сайдаар томилсон билээ. Батлан хамгаалах яамны шинэ сайд, эдийн засагч мэргэжилтэй Андрей Белоусовийг "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


Андрей Ремович Белоусов 1959 оны гуравдугаар сарын 17-нд Москвад эдийн засагч Рем, радиохимич Лариса нарын гэр бүлд төржээ. Тэрбээр амьдралынхаа ихэнхи хугацааг тус хотод өнгөрүүлсэн ба 1981 онд Москвагийн улсын их сургуулийн эдийн засаг, кибернетикч ангид элсэн орж, онц дүнтэй төгссөн. Хувийн амьдралаа ил болгохоос цааргалдаг Андрей Белоусов их сургуульд суралцах хугацаандаа Эдийн засгийн төв математикийн хүрээлэнгийн "хүн-машин"-ы системийн симуляцийн лабораторид туршилтын ажилтан-судлаачаар ажилладаг байжээ. Дараа нь бага эрдэм шинжилгээний ажилтан болж дэвшсэн.

Белоусов 1981-2000 онд шинжлэх ухааны судалгаанд анхаарлаа хандуулж, улсын судалгааны байгууллагуудад янз бүрийн албан тушаал хашиж байв. Макро эдийн засгийн шинжилгээ, богино хугацааны прогнозын төвийн ерөнхий захирлаар 2000 онд томилогдсон нь улсын бодит хэрэгцээнд нийцсэн. Математик, эдийн засгийн эрсдэлийн талаар өндөр мэдлэгтэй Андрей 1991-2006 онд Оросын Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн таамаглалын хүрээлэнгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Үүний хажуугаар 2000-2006 онд Ерөнхий сайдын гадаад зөвлөхөөр ажиллаж байхдаа докторын зэргээ амжилттайгаар хамгаалсан. Олон ажлыг нэгэн зэрэг амжуулдгаас нь үзвэл хэр их цагийн хуваарь, төлөвлөгөөтэй хүн гэдгийг нь онцлох шиг.

Засгийн газрын "математикч"

Оросын Хаант улсын ерөнхий сайд агсан Петр Столыпинтой Андрей Белоусовийг зүйрлэжээ. ОХУ 1905 онд Японд ялагдсаны дараа Петр Столыпин улс орныхоо үр ашиггүй эдийн засгийг шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулсан юм. "Белоусов цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг маш сайн мэддэг. Тэр бол төрийн мэргэн ухааныг илэрхийлэх хүн" гэж ОХУ-ын Төв банкны зөвлөх асан Александра Прокопенко хэлжээ. Хэзээ ч армид алба хааж байгаагүй тэрбээр Оросын дайны эдийн засгийг шинэчлэхээр зорих юм. Учир нь Белоусов Москвагийн, тэр тусмаа Путины итгэлийг олсон цөөн хүмүүсийн нэг гэдгийг ажлын туршлагаас нь мэдэж болно. Онцолбоос:

  • 2006-2008 оны хооронд Белоусов Эдийн засгийн хөгжил, худалдааны дэд сайд
  • 2008-2012 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дмитрий Медведевийн Засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга
  • 2012 -2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, "Европын сэргээн босголт, хөгжлийн банк"-ны ерөнхийлөгч, "Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк"-ны дэд ерөнхийлөгчөөр ОХУ-ыг төлөөлөгч
  • 2013-2015 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт Путины эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж, гол "математикч" болсон
  • 2020 онд ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Тэрбээр Путинд "үнэнч" хүн гэдгээрээ алдаршсан. Тухайн үед түүнийг 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэхийг дэмжсэн ерөнхийлөгчийн "эдийн засгийн хүрээнийхэн"-ийн цорын ганц гишүүн байсан гэх мэдээлэл гарсан.

Белоусов ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон үед Ерөнхийлөгчийн тангараг өргөх мөч ирсэн байв. Засгийн газар автоматаар огцрох тавдугаар сарын 7-ныг хүртэл албан үүргээ гүйцэтгэсэн ажээ. Ерөнхий сайд Михаил Мишустин 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 19-ний хооронд "Covid-19" халдварыг эмчлэх явцад Белоусов засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэсэн.

Кремлийн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн эдийн засгийн гол санааг Белоусов боловсруулсан гэж үнэлэгддэг. Путин 2018 онд ерөнхийлөгчийн дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байхад Белоусов түүний амбицтай төлөвлөгөөний гол үзэл сурталчдын нэг байжээ. Тэрбээр мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2019 онд 18-аас 20 хувь болгон нэмэгдүүлэх гол дэмжигч болсон нь Батлан хамгаалах яамны ирээдүйн зардлыг тооцоолсон гэлтэй.

Белоусов бизнес ашиг сонирхол гэхээс илүү төрийн ашиг сонирхлыг хатуу "хамгаалагч" гэдгээрээ алдартай. Тэрбээр засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засагт төрийн оролцоог өргөнөөр хэрэгжүүлэхийг удаан хугацаанд дэмжиж ирсэн. Жишээ нь, 2018 онд металлургийн болон химийн 14 томоохон компанийн илүүдэл ашгийг засгийн газар  хураахыг санал болгосон түүний захидлаас мэдэж болно. Энэ санал олон нийтийн шүүмжлэлд өртсөн ба дампуурлын давалгаанд хүргэнэ гэж Оросын Үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбоо анхааруулжээ. Ашиг хураах санал хэзээ ч хэрэгжээгүй ба хөрөнгийн зах зээлд уналт үүсгэсэн байдаг. Гэсэн хэдий ч 2021 онд Белоусов дээрх саналыг дурсаж, металлургийнхан улсаас 100 тэрбум рубль "албан авсан" гэж мэдэгдсэн. Үүний дараа металлургийн компаниудын хувьцаа дахин уналтад оров.

Батлан хамгаалахын "шинэ чиглэл"

Белоусовийн хэд хэдэн санаачилга үр дүнгээ өгөөгүй. Гэхдээ өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байдаг тэрбээр Батлан хамгаалах яамны шинэ сайд болсны хувьд эхнээс нь хэрэгжүүлж магадгүй. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Белоусовийн талаар ярихдаа, "Батлан хамгаалах яамны ажилд шинэлэг зүйл нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул иргэний албан тушаалтан тус яамны тэргүүний албыг хашиж, батлан хамгаалах болон иргэний хүчнийг нэгтгэх ажлыг хөнгөвчлөх болно" гэжээ.

Тэрбээр Оросын томоохон бизнесүүдтэй хүчтэй холбоо тогтоож, Оросын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц өргөжүүлэхэд хяналт тавьжээ. Кремль цэрэггүй машин, хиймэл оюун ухаан, дэвшилтэт тагнуул, тандалт, бай олж илрүүлэх, тагнуулын систем зэрэг илүү өндөр технологийн тоног төхөөрөмжөөр шинэчлэхэд анхаарлаа төвлөрүүлж байгааг харуулж байна. Белоусовийн эдийн засагч мэргэжил нь батлан хамгаалахын зардлыг, тухайлбал, Оросын цэргийн үйлдвэрлэлийн ханган нийлүүлэгчдийн нийлүүлэлтийн баазыг төрөлжүүлэх замаар илүү үр ашигтай болгох шинэ түлхэц болж магадгүй юм. Гэхдээ Оросын офицеруудын ур чадвар, команд удирдлагын системийг сайжруулахгүйгээр техникийн шинэчлэл нь утгагүй болно. Үүний тулд цэргийн ертөнцөөс гадуурх Белоусовт холбоотнууд хэрэгтэй байна.

Белоусовийн даалгавар бол барууны хориг арга хэмжээг үл харгалзан Оросын эдийн засаг цэргийн машиныг тогтвортой байлгах явдал юм. Түүний эдийн засагчийн туршлага нь цэргийн зардлыг илүү үр ашигтай болгож, авлигыг бууруулахад тусална гэж Кремль найдаж байна. Украины эсрэг довтолгоогоо үргэлжлүүлэхийн тулд Орост байнга нийлүүлэх шаардлагатай нисгэгчгүй онгоц гэх мэт өндөр технологийн зэвсэг шаардлагатай.  Белоусов энэ онд 18 мянган том, дунд оврын нисгэгчгүй онгоц бүтээх төлөвлөгөөгөө зарлаж, нисгэгчгүй нисэхийн системийг үйлдвэрлэх шинэ салбарыг эхлүүлж, хөгжүүлэхээ мэдэгдэв.

Эх сурвалж: BBC, GGAgency, Wikipedia, Russian Governmen

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж