Дэлхий нийтэд жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг угтан Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүрийн тавдугаар сарыг эмнэлгийнхээ хэмжээнд “Сувилагч тусгай мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ ажлын хүрээнд бүтэн сарын турш сувилагч тусгай мэргэжилтнүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөх, нотолгоонд суурилсан сувилахуйн эрдэм судалгааны ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх, эмнэл зүйн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сувилагч тусгай мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах зэрэг бүтээлч ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Энэ удаа тус эмнэлэг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилахуйн тусламж үйлчилгээг шинэ түвшинд хөгжүүлэхийн төлөө өөрсдийн хөдөлмөр зүтгэлийг зориулж, мэргэжлийнхээ үнэ цэнэ, чадвар бахархлыг таниулан, үлгэр дуурайлал болж яваа нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ зориулсан талархал хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Төрийн дээд одон медаль, салбарын цол тэмдэг хүртсэн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд тус эмнэлгийн удирдлагууд шагналыг нь гардууллаа. УГТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс:
- Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр таван сувилагч
- Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн яамны Жуух бичиг”-ээр найман сувилагч, тусгай мэргэжилтэн
- Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар хоёр сувилагч
- Монголын сувилагчдын нийгэмлэгийн шагналаар гурван сувилагч тус тус шагнагдлаа.
Холбоотой мэдээ