ОХУ-ын ерөнхийлөгч Путин Батлан хамгаалахын сайдаа солиод 24 цаг ч болоогүй байхад яамны дахин нэг өндөр албан тушаалтан баривчлагджээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны Боловсон хүчний хэлтсийн дарга дэслэгч генерал Юрий Кузнецовыг авлигын хэргээр баривчилсан байна.
Мөрдөн байцаах хорооноос Мягмар гаригт мэдээлэл өгөхдөө Кузнецовыг их хэмжээний хээл хахуулийн хэргээр цагдан хориод байгаа гэжээ. Түүнийг 2021-2023 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын наймдугаар газрын даргаар ажиллаж байхдаа авлигал авсан гэж буруутгасан.
Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг мөн авлигын хэргээр баривчилсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа Кузнецовыг баривчилсан нь Сергей Шойгуд томоохон цохилт болсон гэж үзэж байна.
Сергей Шойгуг эдийн засагч Андрей Белоусовоор сольсон явдлыг Кремль “Батлан хамгаалах яам шинэ санаачлагад нээлттэй байх ёстой” гэж тайлбарласан. Мөн Шойгуг Аюулгүйн зөвлөлийн даргаар томилсон учир огцорсонд тооцохгүй гэж мэдэгдээд буй. Гэсэн хэдий ч эх сурвалжийн мэдээлснээр Путин авлигын улмаас Шойгугийн дайныг зохицуулах чадварт итгэхээ больсон байж магадгүй юм. Шойгуг огцруулах бас нэг шалтгаан нь Вагнерын босс Евгений Пригожиний өнгөрсөн жил гаргасан бослого гэж үзэж байна.
Кузнецовыг баривчилсны дараа Кремлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг Батлан хамгаалах яаманд явуулж буй авлигын эсрэг цэвэрлэгээний нэг хэсэг гэсэн тайлбар өгчээ. Өөрөөр хэлбэл, Белоусов сайд асан Шойгугийн эмх замбараагүйтүүлж орхисныг цэвэрлэх үүрэг хүлээсэн аж. “Тимур Ивановыг баривчилснаар авлигын нөхцөл байдал хэрээс хэтэрснийг бид харсан” гэж Путины зөвлөх асан Сергей Марков хэлжээ.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ