Испанийн алдартай газруудаар аялж явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэвэл 1500 еврогийн торгууль төлөх шинэ хууль гарчээ. Согтуу жуулчдаас залхсан Испанийн Балеарийн арлуудын орон нутгийн засаг захиргаа энэхүү шинэ хоригийг гаргасан байна.
Жуулчид Маллорка, Ибиза дахь аялал жуулчлалын гол цэгүүдэд гудамжинд архи уухыг хориглоно. Мөн хамгийн алдартай амралтын газруудын амрагчид 21:30-08:00 цагийн хооронд дэлгүүрээс архи худалдаж авах хориотой. Гэхдээ хориг зөвхөн дэлгүүрүүдэд хамаатай тул баар, ресторан, клубт архи зарах боломжтой аж.
Зөрчлийн торгууль нь 500-аас 1500 еврогийн хооронд хэлбэлзэх ба бусдын амгалан тайван байдлыг ихээр алдагдуулсан тохиолдолд 3000 евро ч хүрч болно.
Хэт их аялал жуулчлалыг хязгаарлах зорилготойгоор 2020 онд гаргасан тогтоолын нэмэлт өөрчлөлт нь архи согтууруулах ундааны хориг болж байна. Шинэ хууль 2027 он хүртэл хүчинтэй байна.
Эрх баригчид хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж буй. Өмнө нь “илүү их аялал жуулчлал” гэсэн нэр томъёонд төвлөрч байсан бол өдгөө үүнийг "хариуцлагатай аялал жуулчлал" болгон өөрчилсөн. Аялал жуулчлал нь орон нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувийг бүрдүүлдэг. Гэтэл жуулчдын ёс суртахуунтай холбоотой элдэв асуудал сүүлийн жилүүдэд холбогдох байгууллагуудыг түгшээх болжээ.
Эх сурвалж: EURO NEWS