Арктикийн Шпицберген архипелаг дахь хувийн эзэмшлийн зарагдаагүй үлдсэн сүүлчийн газрыг 300 сая евро буюу 324 сая ам.доллараар худалдах гэж байна. Агент Найт Фрэнкийн дурдсанаар 14,830 акр газар нутаг нь "байгаль орчин, шинжлэх ухаан, эдийн засгийн чухал ач холбогдолтой бүс" юм. Норвеги болон Хойд туйлын хооронд орших уг газрын далайн мөс хайлж байгаа ба далайн тээврийн шинэ зам нээгдэх гэж буй хэсэгт байрладаг. Тиймээс стратегийн үнэ цэнийг нэмэгдүүлж, геополитикийн чухал ач холбогдолтой болсон.
Агент Найт Фрэнк "Геополитикийн болон стратегийн тал, арилжааны боломж, уур амьсгалын өөрчлөлт, ерөнхийдөө хойд туйлын бүс нутгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учир энэ газар үл хөдлөх хөрөнгийн салбарт хамгийн онцгой боломж юм" гэж тайлбарлав. Шпицбергенийн баруун хэсэгт орших Ведель Жарлсбергт уг газар байрладаг. Мөн Норвегийн нийслэл Осло руу тогтмол нислэг үйлддэг архипелаг дахь хамгийн том суурин болох Лонгйербьенээс завиар гурван цагийн дотор хүрэх боломжтой.
Түүнчлэн энэхүү газрыг худалдан авсан тохиолдолд Норвегийн хувийн өмчит хязгаарлагдмал компани болох "Актиселскабет Кулспидс"-ийг эзэмших болно. Худалдагчдыг өмгөөлж буй хуульч Пер Киллингстад "CNN"-д хэлэхдээ, тус компанийг 100 гаруй жилийн өмнө Осло хотын чинээлэг үйлдвэрчний гэр бүлүүд үүсгэн байгуулжээ. Гэвч тодорхой хугацааны дараа үйл ажиллагаагаа зогсоосон тул компанийг дагалдуулж өгөх аж.
Эх сурвалж: CNN