"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.05.15/ мэдээлэл хийж байна.
"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР:
-Үндэсний эвсэл тавдугаар сарын 2-нд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардаж авсан.
"Үндэсний эвсэл" Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, улс орныхоо нийгэм, эдийн засагт нийцэх бодлогыг хөгжил, дэвшилд хүргэх зорилготой.
Улс төрийн намуудын хоорондох хэрүүл тэмцэл, талцлыг зогсоож, улс орныхоо төлөө хил хязгаарын шугам татаж ажилладаг байх зарчим барьж байна. Үндэсний эвсэлд ямар нэгэн улс төрийн үүд хаалга гэж байхгүй. Бүгдтэй нь Монголын төлөө хууль тогтоомжийн дагуу хамтраад ажиллана. Мөн С.Данзангийн анх санаачилж байсан иргэн баян бол улс баян гэх үзэл дээр суурилаж бодлогоо боловсруулсан.
Тодруулбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя гэсэн улс төрийн намуудтай хамтарч ажиллах уриалгыг дэвшүүлсэн. Бидний уриалгад Монголын либерал ардчилсан нам нэгдсэн. Нийтдээ зургаан улс төрийн намууд хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа.
"Үндэсний эвсэл" хамтарч ажиллах эхний гэрээгээ өнөөдөр Монголын либерал ардчилсан намтай үзэглэх гэж байна.
10 МАНДАТТАЙ ТОЙРОГТ 16 ХОНОГИЙН ДОТОР СОНГОГЧИДТОЙ УУЛЗАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
"Монголын либерал ардчилсан нам"-ын дарга Д.ПҮРЭВДАВАА:
-Нэгдүгээрт, бид сонгуулийн хүрээнд "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж байгаа. Хоёрдугаарт, үзэл санааны хувьд нийцэж, гарц шийдэл хамтын ажиллагаа, хөгжил дэвшил дээр өөрсдийн байр сууриа хүргэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр бол сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа эхэлснээс хойш хоёр дахь өдөр.
Эрх баригч нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нөхцөл байдлыг дүгнэвэл энгийн нэг баг, бизнесмен, ард түмний төлөөлөл УИХ-ын сонгуульд 16-хан хоногийн хугацаанд том тойрогт танигдах боломж маш хомс.
Жишээлбэл, хамгийн том тойрог болох 10 мандаттай Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 80 гаруй сумтай. Эдгээр сумуудад механикаар энгийн нэг нэр дэвшигч сонгогчидтой уулзалт хийх боломжгүй. Үндсэн хуулиараа бүх иргэн төлөөллийн байгууллагад сонгогдох, төлийн байгууллагыг сонгох эрхтэй байна гэж заасан. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын зохион бүтээсэн сонгуулийн тогтолцооны эсрэг байдалд намууд нэгдэж, нийлэх нь зүйтэй. Эхний нэгдэл нь Монголын ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам нэгдэж, эвсэл байгуулсан. Эвсэл байгуулах хугацаа хуулиар хаагдсан. Тиймээс ардчиллын төлөө намууд, ялангуяа үзэл санааны хувьд баруун болон баруун төвийн үзэл санаатай намууд нэгдэж ирэх сонгуульд орох нь нийт иргэдийн болон сонгогчдын эрх ашгийг хамгаалах боломжтой гэж харж байна. Энэ үндсэн дээр либерал үзэлтэй залуучууд Монголын либерал ардчилсан нам энэ удаагийн сонгуульд "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж орж байна.
Хоёрдугаарт, үзэл санааны хувьд ярих нь зүйтэй. Өдрөөс өдөрт зүүний чигтэй нам төрийн эрх барьснаас гарч байгаа үр дүнг бид харж байгаа.
Өвөлжингөө утаанд хордож, улирал харгалзахгүй зам дээрээ түгжирч, олон арван хүн амь насаа зуурдаар алдаж, төсвийн зардал 10 их наяд байдаг байсан бол 20 их наядаар өргөн болсон. Тэр ч бүү хэл төрийн албан хаагчдын тоо өсч, өгсөн амлалтууд нь огт биелээгүй. Үндсэн хуулиар олгогдож байгаа хариуцлага тооцох ганц боломж нь зургадугаар сарын 28. Эрх баригчид хүчээ нэгтгэж биднийг 92 хувийн аз жаргалтай Улаанбаатарт амьдруулж чадж байгаа эсэхийг иргэд дүгнэнэ.
ТӨР БИЗНЕС ХИЙДЭГГҮЙ, ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ӨРСӨЛДДӨГГҮЙ БАЙХ ЁСТОЙ
Хуульч О.БАТХҮҮ:
-Сонгуульд яавал манай намууд ялах вэ гэж биш яавал Монгол Улс хөгжих вэ гэж улс төрийн намууд уралддаг байх ёстой. Би төр маш цомхон байх ёстой гэж боддог хүн. Төр бизнес хийдэггүй, хувийн хэвшилтэй өрсөлддөггүй байх ёстой. Гэтэл өнөөдөр төр бизнес хийж байна, тэр хэрээр томорч байна. Өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсад цэвэр өрсөлдөөний зарчим явагддаг. Монгол Улсын ачааны хүндийг бизнесийнхэн үүрдэг. Өнгөрсөн хугацаанд төрийн өмч хэд дахин нэмэгдсэн. Зөвхөн өнгөрсөн 2023 онд нүүрсний борлуулалтын орлого 2.5 дахин өссөн. Гэтэл энэ өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөөгүй. Харин ч төрийн зарлага нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд илүү их татвар төлдөг болсон.
Харин "Үндэсний эвсэл" энэ тогтолцоо буруу, эсрэгээрээ Монгол Улсын иргэд нь баян байж төр нь баян болох ёстой гэж үзэж байгаа.
"Үндэсний эвсэл" баруун төвийн үзэлтэй, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийг дэмжсэн, чөлөөт өрсөлдөөнт байх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Одоо бидэнд талцах цаг байхгүй. Нэг нэгэн рүүгээ будаг цацахаа больж, ирээдүйгээ боддог байх ёстой. Тиймээс хөл нийлүүлж алхахыг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН АЛЬ Ч УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдийн засгийг либералчлана гэлээ. Үүнийг хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?
-Улс төрийн үзэл баримтлалын платформ дээр аливаа улс төрийн нам зүүнийг барих тусам төр томордог. Төр хэрхэн яаж томордог вэ гэхээр эрхзүйн байдлаараа болон эрх мэдлээрээ хүчтэй болохыг хэлнэ. Төрийн албанд нь улс төрийн намын гишүүд л байж байдаг. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд ихээр нэмэгдэж, эдийн засгаа төвлөрсөн эдийн засгийн тогтолцоо руу татах эрсдэл үүсдэг. Монголын өнөөгийн нийгэм, эдийн засаг хөгжихгүй байгаа шалтгаан нь баг зүүсэн улс төрийн нам, төр түмний өмч гэсэн багтай намчдаас болдог
Либералчилна гэдэг ердөө төрөө намчдаас салгах.
Эрх зүйн болоод эдийн засгийн арга замаар төрөө намчдаас салгах шаардлага л үүсч байна. Төр үүрэгт ажлаа хийхдээ бизнест оролцохгүй байх ёстой. Төрийн алба өөрөө мерит зарчим дээр суурилсан, үр дүнд нь хувийн аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршоо байгуулах, түүнээс гарах үр дүнд нь улсын төсөв мөнгөтэй байх боломж бүрдэнэ. Мөнгөтэй болбол зайлшгүй шаардлагатай эдийн засгийг эргээд нөхөн сэргээх хөрөнгө орууллалт хийнэ. Бид энгийн томъёолол дээр тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Яагаад үндэсний ардчилсан улс төрийн үзэл баримтлалыг бид онцолж, тэртээ 103 жилийн өмнө тодорхойлогдож байсан С.Данзангийн үзэл санааг суурилж авсан бэ? гэхээр нүүдэлчин ахуй соёлтой монголчууд бидэнд коммунизм, социализм нь таарахгүй. Бид ардчилсан замаар капитализмыг алгасахгүйгээр хүчирхэг Монголыг цогцлооно гэдэг үзэл санааг л бид хэрэгжүүлэхээр удирдлага болгож байгаа.
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд байхдаа би халамж хариуцдаг байсан. Халамж яагаад хавтгайрсан бэ гэхээр нийгэм, эдийн засгийн бодлогын уялдааг нэгдүгээрт хангаагүй. Үүний улмаас төрийн төвд хүн байхаа больсон. Төрийн албанд 300 гаруй мянган ажилтан хамаарч байна. Улсын төсвийн нэг жилийн 78-80 хувийг төрийнхөн зөвхөн урсгал зардалдаа аваад явж байгаа. Өнөөдөр бидэнд хэрэгцээтэй байгаа нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтууд хийгдэхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тэгээд нийгмийг намжаахын тулд халамжийн бодлогыг хавтгайруулж, түр хугацаанд тайвшруулсан.
292 мянган хүн өнөөдөр ямар нэгэн байдлаар халамжийн бодлогод хамрагдаж байна.
Нэн ядуурлаас урьдчилан сэргийлэх халамжийн бодлогыг барина гэсэн мөрийн хөтөлбөр байгаа. Тэгэхээр халамж гээд байгаагийн учир шалтгаан нь энэ.
-Таны дөрвөн жилийн өмнө төлөөлөл нь байсан намын хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнтэй байна уу?
-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд тухайн үед миний харьяалалтай байсан МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Харамсалтай нь олдохын зовлон гэгчээр 33:32 болж хуваагдсан. 32 бүлгийг толгойлох тэргүүн нь би байсан.
2018 оны арваннэгдүгээр сард би хэвлэлийн хурал зарлаж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээ мэдэгдэж, зарласан.
Тэгэхээр олонхийн үүрэг гүйцэтгэж байсан намын гишүүнчлэлээс 2018 оны арвваннэгдүгээр сард хасагдах хоёр дахь шийдвэр гарсан. Харин 2020 нэгдүгээр сарын 29-нд хасагдах гурав дахь шийдэр гарч байсан. Тэгэхээр энийг хэлснээрээ би үүрэг хариуцлагааас мултрах гээд байгаа юм биш. Тэр хугацаанд болохгүй, бүтэхгүй байгаа олон асуудлын учир шалтгааныг залруулахын төлөө тэмцэж байсан. Үндэсний эвслийн утга санаа өнөөдөр гарсан зүйл огт биш. Архив ухвал 2011 оны арваннэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа энэ санааг илэрхийлж байсан. 21 аймгаар тойрч, хотынхоо иргэдтэй ч уулзлаа. Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгааныг хүмүүс нэг дуугаар хэлж байна. Энэ намтай холбоотой. Хүмүүс одоо учрыг нь ойлгодог болж байна. Тэр ч үүднээс бид Үндэсний эвслийнхээ тунхаг бодлогыг боловсруулахдаа суурь тангараг бүхий баримт бичиг барих нь зүйтэй гэж үзсэн. Нэгдүгээрт, эвийг сахих ёстой. Хоёрдугаарт, бодлогоо тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтийг хангах зорилго нэгтэй улсуудтай хүчээ нэгтгэх.
ЦАГААН ДЭЭР ХАРААР БИЧСЭН ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТААР Л ЯРЬНА
-Та сонгуульд нэр дэвших үү?
-Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн болгон нэр дэвших эрхтэй.
Заавал аль нэг намын харьяалал бүхий гишүүн байх шаардлагагүй. Бусад хуулийн шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн аль ч улс төрийн нам, эвслээс нэр дэвших эрх нь нээлттэй.
-Нэр дэвшигчдийн тухайд ямар бодлого баримталж байгаа вэ. Та өөрөө сонгуульд нэр дэвших үү?
-Нэр дэвших боломжтой, боломжгүйг Н.Номтойбаяр миний бие өөрөө тайлбарлахаас илүүтэй цагаан дээр хараар бичигдсэн хууль тайлбарлаж байгаа. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалтаар ял авсан этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай.
2020 онд юу болсон бэ гэхээр маш энгийн. Улс төрөөс зайлуулахын тулд надад заавал нэг хэрэг тохох шаардлага үүссэн.
Эхлээд тодорхой мэдээлэл өгье. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны улсын төсөвт суусан байсан 3,9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх ньхөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр байсан. Хууль, журмыг нь судлаад үзвэл 2,6 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр, төсөл хөтөлбөрийг дэмжиж байгаа нэрээр өмнө нь хулгайн замаар ордог байж. Тэрийг тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа би журамд нь өөрчлөлт оруулж, 100 хувь эргэн төлөгдөх шийдвэр гаргасан. Гэтэл анхан шат болон давж заалдах шатны шүүхээс банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр надад Эрүүгийн хуулийн 22.1.3-аар эхлээд 7,7 жил, дараа нь 5,5 жилийн хорих ял өгсөн. Энэ нь явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхээр хуралдаад үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хууль л ингэж тайлбарлаж байгаа.
Тэгэхээр Н.Номтойбаяр миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй.
Үндэсний эвслийг дэмжиж байгаа дэмжигч, сонгогчдыг итгэлийг саармагжуулах зорилготой мэдээллүүд их гарч байна. Би хар багадаа улс төрд хөл тавьсан, ардаа ямар нэгэн даргагүй болохыг та бүхэн мэдэх байх. Би улс төрийг хүнээр заалгуулж, чиглүүлдэг хүн биш.
-Сонгуульд амжилттай оролцож чадах уу?
-Эрх баригч улс төрийн намууд үеийн үед эрх мэдэлтэй байхдаа хүчтэй болох эрхэм зорилгыг л тавьдаг. Ингэхдээ нэгдүгээрт, эрх зүйн аргаар бүх хүнийг хамааралтай болгодог. Зарим тохиолдолд эрх зүйн аргаар халамжийг хүртэл шийдээд явдаг. Ажил хөдөлмөр эрхлэх хүмүүсийг ч эрх зүйн аргаар өөрсдийнхөө хараа хяналтад оруулчихдаг. Янз бүрийн байдлаар дарамталж шахаж, айлган сүрдүүлдэг. Түүгээр ч зогсохгүй улс төрийн намынхаа гишүүдийг тогтмол ажилтай, цалинтай болгочихдог.
Төрийн албаны 70 орчим хувь нь сонгуулийн штаб болж хөгжсөн энэ тогтолцоог сөрж өрсөлдөх амаргүй.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд иргэдтэй уулзах үеэр төрийн албаныхантай ч уулзсан. Ил гарч уулзаж чаддаггүй ч дотоод итгэл үнэмшил нь танайд байгаа шүү гэдгээ илэрхийлж байгаа. Эцсийн дүндээ иргэд сонгогчдод бүрэн эрх байгаа. Иргэд хулхидуулж ханалаа, одоо цэг тавъя гэдэг болсон байна. Бид их урам зориг авсан. Энэ байдлыг Үндэсний эвсэл өөрчилж чадна.
-МАН, АН-аас хэр олон хүн танай намд элсэх сонирхлоо илэрхийлэв?
-Байхгүй. Гологдоод ирсэн хүмүүсийг цуглуулдаг эвсэл манайх биш.
Холбоотой мэдээ