Сурвалжлага: Цахим систем эмчийг ч, иргэдийг ч тамлаж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цахим систем эмчийг ч, иргэдийг ч тамлаж байна

Сурвалжлага: Цахим систем эмчийг ч, иргэдийг ч тамлаж байна

Түүнийг Д.Байгалмаа гэдэг. Тэрбээр Хавдар судлалын эмнэлгээр үйлчлүүлэхээр Орхон аймгаас Улаанбаатарт иржээ. "Өглөө үүрээр ирсэн, эмчийн үзлэгийн цаг авахад маш их чирэгдэлтэй, ачаалалтай байна. Өдөрт нийтдээ 600 хүн эмчид үзүүлэх цаг авдаг юм байна. Шинжилгээний хариу авах гэсэн чинь программын шинэчлэлт хийж байгаа гээд машин нь уншихгүй байх жишээтэй. Зөвхөн цаг авахын төлөө бүтэн өдрийг зарцуулж байна" гэлээ.

Түүн шиг бухимдаж, бачимдсан иргэд Хавдар судлалын үндэсний төвд олон таарлаа. Улсдаа ганцхан Хавдар судлалын үндэсний төвийг иргэд өчнөөн километр зам туулж, хөдөө орон нутгаас зорин ирэхэд ачаалал ихтэй, дээрээс нь цахим систем нь гацахаар уурлаж, бухимдах нь зүйн хэрэг.

Харин эмч нарын зүгээс нэг өвчтөнг 10 минутад багтаан үзэж, 300 тэмдэгт бөглөх, өвчтөний шинжилгээгээ эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системд шивж оруулахаар баталгаажаагүй эсвэл цахим систем гацдаг байдал хүндрэлтэй байгаагаа хэлэв. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа энэ асуудлыг хөндөж байна.

Эмнэлгийн үүдээр ормогц цахимаар цаг авах гэсэн хүмүүс цөөнгүй. Ү.Энх-Амгалан Завхан аймийнх. Аймгийн эмч нар нь нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөсөн байна. Улаанбаатарт хамаатан садныдаа "толгой хоргодож" байгаа, тиймээс бушуухан үзүүлээд буцах санаатай байгаа аж. Гэтэл Хавдар судлалын эмнэлэг ачаалал ихтэй, зарим үзлэгийн цаг нь бүр хоёр сарын дараа олдож байгаа аж.

Эрт илрүүлгээс хойш хавдар судлалын үндэсний төвийн ачаалал хэд дахин нэмэгдсэн юм байна.

"Төр засгаас санхүүжилтээр дэмжиж, ард түмэнд үйлчлэх боломжоор нь сайн хангах хэрэгтэй. Би сүүлийн гурван сар энэ эмнэлгээр үйлчлүүлж байна. Цахим машин нь байсхийгээд гацсан гээд өөр газраас цаг авч байна" гэлээ. Түүний дэргэд суусан Т.Лхам гуай Өвөрхангай аймгаас иржээ. Тэрбээр "Эмнэлгийн ачаалал маш их байна. Системийн гацалт гээд цаг авч болохгүй байгаа"-г шүүмжиллээ.

Хавдар судлалын үндэсний төв дээр долоо хоногт дунджаар 4000 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж байгаа аж. Цахим системийн гацалт үүсээгүй бол үүнэс олон иргэдэд үйлчлэх боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын газарт энэ асуудлаар албан бичиг хүргүүлж, саналаа хэлдэг ч хүлээн авч, хэрэгжүүлэхгүй байгааг учирласан юм.

"ЭМЧ ХҮН ҮЗЭХЭЭС ИЛҮҮТЭЙ БИЧГИЙН АЖИЛТАН БОЛСОН"

ХСҮТ-ийн Химийн тасгийн эмч Д.НАРАН:

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн тогтоол хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ тогтоол нь байгууллагын санхүүжилт, бидний цалинтай холбоотой учраас  тэр шаардлагуудад нь нийцүүлж ажиллах гэж маш их хичээж байна. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд дахин шинэчлэлт хийсэн. Эмч болон иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь өвчтөнөө 10 минут үзэж, 300 тэмдэгтээ бичих. Эмч хүнээ үзэхээс илүүтэй бичгийн ажилтан шиг л ажилладаг болсон.

Бид таван минут үзэх өвчтөн ч байна, 50 минут үзэх өвчтөн ч байна. Хавдрын эмчилгээ бусад эмчилгээнээс онцлог. Нэг хүн зургаан сар эмчлүүлж байгаа бол хавдрын дахилтаасаа шалтгаалж зургаан жил үзүүлж байгаа ч хүн байна. Тэгэхээр 10 минутад бүх ажлаа багтаах нь амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй.

Нэг хүн цусны шинжилгээ, ЭХО-д харуулах шаардлагатай бол бүгдийг нь эмч шивж, системд оруулдаг болсон. Ингээд сууж байтал программ гацаж, шинэчлэлт хийнэ. Нөгөө программаа хүлээж байтал оруулсан шинжилгээнүүд нь системд бүртгэгдэж чадалгүй, алга болчихно. Өвчтөн маань өөр кабинет дээр очихоор таны шинжилгээ ороогүй байна гээд бухимдаж эхэлдэг. Аливаа ажилд бэлтгэл ажил хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ программыг хэрэгжүүлж, битүүмж гэдэг зүйл үүсгэснээр иргэд гомдол санал их хэлж байна. Даатгалын систем 30 минутаас нэг цаг унахад бидний эмчилгээ, үйлчилгээ бүгд оройтдог гэсэн юм.

"СҮҮЛИЙН НЭГ САР ГАРУЙ ХУГАЦААНД ЭНЭ ГАЦАЛТ ҮРГЭЛЖИЛЛЭЭ"

Эрүүл мэндийн даатгалын систем гацлаа гэхэд тухайн эмч өвчтөн хүлээн авч, эмчилгээ хийх боломжгүй болдог. Гэтэл бодит амьдрал дээр эмч нар цахим системтэй, системгүй ажлаа хийж, иргэдэд үйлчилдэг. Тухайн иргэнд эмчилгээ хийж, амь насыг нь аварсан хэдий ч Эрүүл мэндийн даатгалын газраас "Танай эмнэлэг программ дээр ийм зүйл бичсэн" гэдэг шалтгаанаар төсөв мөнгийг нь хассан талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү ярилаа.

Тэрбээр "Манай эмнэлгийн хими эмчилгээний тасагт 13 эмч, 20 сувилагч, өдрийн хими эмчилгээнд гурван сувилагч, эмч зүйч, эм найруулагч ажиллаж байгаа. Гэтэл тэр хүмүүсийн хоёр сарын ажлыг үнэгүйдүүлж, өвчтөний түүх дээр мэдээллийг нь дутуу бичсэн гэдэг шалтгаанаар 4.8 тэрбум төгрөгийг хассан.

Бид яаралтайгаар иргэддээ тусламж үзүүлчихсэн, ямар нэгэн гомдол санал гараагүй байсан. Даатгалын олон улсын мэргэжилтнүүдээр лавлахад, бичиглэлийн алдаа бол тодорхой чанарын асуудал мөн. Тиймээс тодорхой хувийг нь хасах ёстой. Гэтэл тэр хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж, тэр чигээр нь хасч болохгүй гэдгийг хэлж байсан. Жишээлбэл, 1000 өвчтөний хоёрыг шалгаад, 200 хүний түүхийг нь хүчээр хассан байсан гэдгийг хэлж байлаа.

ХСҮТ-ийн захирал Н.ЭРДЭНЭХҮҮ:

-Бид ажилдаа өчигдөр /2024.05.13/ өглөө ирээд даатгалын программд хандаж чадахгүй 2-3 цаг гацсан. Үүнээс шалтгаалан эмч үйлчлүүлэгчдийн хооронд бөөн асуудал үүссэн. Ер нь сүүлийн нэг сар гаруй хугацаанд энэ гацалт үргэлжилж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхээр бололцоогоороо ажиллаж байгаа. Хамгийн гол нь ЭМДГ-аас энэ системийн гацалтыг арилгаж, засъя гэхээс илүү байнгын гэнэтийн өөрчлөлтийг хийж байна. Ингэхдээ бид бүхний хүсэл саналыг сонсохоос илүүтэй "ухаан"-тай зүйл хийж, бидэнд тодорхой хэмжээний ачааллыг үүсгэж байна. Иргэд үүнээс болж маш их бухимдаж байгаа. Сар гаруй хугацаанд эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хими эмчилгээг өөр хувийн эмнэлэг хийх боломжгүй болохоос авхуулаад улсын эмнэлэгт ачаалал нэмэгдсэн. Хажуугаар нь программтай холбоотой ачаалал үүсч, өвчтөн хурдан үзүүлэх байсан боломж удааширч, манай эмнэлэгт бүх үйлчилгээ, тусламжаа дуусгасны дараагаар өөр эмнэлэгт үзүүлэх боломжтой болж байгаа юм.  Жишээлбэл, өглөөхөн нэг иргэн маргаан үүсгэж, гомдол гаргалаа.

Орон нутгаас ирсэн тухайн иргэн манайд эсийн шинжилгээ хийлгэж, хариу нь тав хоногийн дараа гарна. Энэ хугацаанд хавдрын биш өөр эмнэлэгт шинжилгээ хийлгэе гэхээр энд битүүмж үүсч, шинжилгээ хийлгэх боломжгүй болсон.

Манай эмнэлэгт тэр хүний шинжилгээний хариу гараагүй учраас битүүмжийг арилгаж болохгүй. Нэг талаас хүний эрхийн асуудал хөндөгдөж байна. Эрүүл мэндийн даатгалын санг яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг бодлого гаргаж байгаа хүмүүс зөв бодлого гаргах ёстой. Тэр бодлогыг хэрэгжүүлэхдээ хаанаас нь мөнгөө хэмнэх вэ хаана нь үргүй зардал байна вэ гэж явах ёстой болохоос биш эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүндрэлийг үүсгэж болохгүй гэв.

"СҮЛЖЭЭНИЙ ДОГОЛДЛЫГ ТЭР ДАРУЙДАА ШАЛГАЖ, ХЭВИЙН БАЙДАЛД ОРУУЛСАН"

ЭМДГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.БАТ-ОРГИЛ:

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд хүртээмжийг сайжруулах, цахимаар үйлчилгээнүүдээ авах, эмнэлэгт цаг авах, оношилгоо шинжилгээ хийлгэх гэх мэт тодорхой үйлчилгээнүүдийг ажлын хэсгийн хүрээнд цахимжуулсан. Иргэд И-Монголиа апплейкшнаар эмнэлгийн цаг, шинжилгээний хариугаа авах боломжтой болсон. Эрүүл мэндийн даатгалын системд доголдол гарсан гэх мэдээлэл цацагдсан.

Цахимжилтын ажил 2024 оны тавдугаар сараас эхэлсэн. Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн систем хөгжүүлдэг долоон байгууллага мэдээллээ төрөлжсөн мэдээллийн сан руу илгээж байгаа.

Бид мэдэгдэл хүргүүлэх систем хариуцсан байгууллагууд руу асуудлаа хэлж, сүлжээний доголдлыг тэр даруйдаа шалгаж, хэвийн байдалд оруулсан. Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг иргэд цаг алдалгүй авч байх ёстой. Өөрсдөө дотоодын мэдээлэл технологийн программ хангамжийг гэрээ байгуулан ашигладаг. Харин даатгалын байгууллага тухайн байгууллага ашиглаж байгаа программ хангамжаас мэдээллийг цуглуулж авдаг. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагад систем нийлүүлж байгаа компаниуд техникийн саатал гарахад шууд даатгалын систем гацсан гэхгүйгээр эмнэлгийн цахим систем дээрээ мэдээллээ хадгалаад явахыг бид зөвлөдөг гэдэг тайлбар мэдээллийг өглөө.

Албаныхан системийн гацалтыг богино хугацаанд шийдсэн гэдгээ мэдэгдэж байгаа ч цаг, минуттай уралдаж "галын шугам" дээр ажиллаж байгаа эмч нарын хэдэн өвчтөн үзэх цагаас хомсолсон, түүнийгээ дагаад ямар их ачаалал, эрсдэлүүд үүсч байгааг бодит байдал дээр нь очиж харж, дүгнэлт, шийдвэрээ гаргах нь чухал юм.

Эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа цахим шилжилт нь иргэдэд хүндрэл учруулахгүй байх, эмнэлэг хооронд өвчтөнөө явуулаад байхаас илүү цахим нэгдсэн системд өвчтөний бүх мэдээлэл байж, төрийн аль ч эмнэлэг тухайн өвчтөний мэдээллийг татаж авах боломжоор хангаж, цаг авахад ч хүндрэл учруулахгүйгээр зохицуулах учиртай. Нөгөө талаас угаасаа ачааллаа дийлдэггүй, өвчтөн ихтэй эмч, эмнэлгийн ажилтнуудад ч бичиг цаасны ажил нэмж, нэг өвчтөнд зарцуулах цагаас нь хэмлэхгүй байх нь төрийн бодлого. Ингэж байж иргэн нь эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэл, хүндрэл багатай  авах, нэг минут, секундээр хэмжигдэх хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд алдаа гаргахгүй, "гацахаар нь засчихсан" гэсэн хандлагаар хандаж болохгүйг өвчтөнүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд ч хэлж байна.

Цахим үндэстэн болж, эрүүл мэндийн салбарыг цахимжуулж байгаа бол иргэдэд мөн яаж хаанаас, заавал эмнэлэгт очихгүйгээр цаг авах боломжтой бол тэр мэдээллээ олон нийтэд маш сайн түгээх нь тухайн салбарын үүрэг. Гэтэл орон нутгаас ирж буй иргэдийн дийлэнх нь цахимаар, И-Монголиагаар цаг авдаг талаар мэдээлэлгүй, олон цаг эмнэлэгт дугаарлаж байна.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын цахим шилжилт өвчтөн, эмч хоёрын ачааллыг нэмэхээс хэтрэхгүй байгаа нөхцөлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бодит нөхцөлд дүгнэлтээ хийж, асуудлаа яаралтай шийдэх нь чухал гэдгийг Хавдрын эмнэлэгт дугаар авахаар хүлээж байгаа олон өвчтнүүд хэлж байлаа.

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж