Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ өчигдөр/2024.05.14/ цацагдсан. Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон аж. Тэд нэмэлт хүчилтөрөгч, шерпа буюу ууланд авирах чадвараараа алдартай хөтөч хийдэг нутгийн иргэдийн дэмжлэггүй авиралтаа үргэлжлүүлжээ. Харамсалтай нь одоог хүртэл сураггүй байна.
ТЭДЭНД ЮУ ТОХИОЛДСОН БЭ?
Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд өнгөрсөн Ням гаригийн 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогджээ. Уулчид Даваа гаригийн өглөө оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай дахин холбоо бариагүй гэнэ.
Катманду хотод төвтэй экспедиц, адал явдалт аялал жуулчлалын компани болох "8K Expeditions"-ээр дамжуулан монгол уулчид аяллаа төлөвлөжээ. Гэхдээ үйлчилгээндээ нэмэлт багц аваагүй гэв. Тэдний сонгосон багцад зөвхөн үндсэн баазын үйлчилгээ болон хүчилтөрөгч багтжээ. Харамсалтай нь, монгол уулчид нэмэлт хүчилтөрөгч ашиглахгүйгээр авиралтаа хийхийг хүссэн аж.

8848 метрийн өндөрт орших Эверестийн оргил руу авиралт хийхээр гурван монгол уулчин явсан билээ. Тэд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүй дэлхийн дээвэрт гарсан хүрсэн анхны монгол уулчдаар түүхэн үлдэх зорилготой байв. Гэвч замын дунд Д.Отгонхүүгийн бие муудаж, үндсэн баазад эргэн ирсэн бол 31 настай Л.Пүрэвсүрэн, 53 настай Ц.Өсөхжаргал нар авиралтаа үргэлжлүүлжээ.
Одоогоор Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан гэх тоо баримт бий. Үүнээс 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарсан байдаг.
Олон уулчид нэмэлт хүчилтөрөгчийн танкгүй Эверестийг зорьж байсан ч шерпагийн тусламжгүй гарч байсан нь тун цөөн гэнэ. Шерпа нар авиралтын улирал эхлэхээс өмнө явах маршрутаа бэлдэж, шат, олс зэргээ бэлэн болгодог байна. Мөн хүчилтөрөгчийн танкгүй гарахаасаа өмнө сайтар бэлтгэл хийж, цаг уур, байгаль орчиндоо дасах хэрэгтэй гэнэ. Нэмэлт хүчилтөрөгчгүй авирч байх үедээ амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй.
Аялал эхлэхийн өмнө багийн ахлагч Д.Отгонхүү ярихдаа “Манай багийн авиралтын гол зорилго, онцлог нь нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, мөн шерпагийн тусламжгүй авирах юм. Бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өөрсдийгөө сорихыг хүссэн. Бүтэн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийсэн болохоор алзахгүй байх. Бүгд 10-аас дээш жил ууланд авирсан, алхсан учраас өөрсдөдөө итгэлтэй байна” гэж байжээ.
ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН
Сүүлд авсан мэдээллээр "8K Expeditions" компани Аржун Карки, Лангка Рам Таманг хэмээх хоёр уулчныг дөрөвдүгээр бааз руу илгээжээ. Тэд эрлийн ажлыг бүрэн удирдаж, оргилоос уруудаж буй уулчдаас монголчуудыг харсан эсэхийг асууж байна. Балбын аялал жуулчлалын газрын мэдээлснээр Даваа гаригийн өглөө Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нарыг Эверестийн оргил руу авирч байхыг өөр баг харсан гэж мэдэгджээ.
Дөрөвдүгээр бааз нь нисдэг тэрэгний өндрийн хязгаараас хол давсан учир агаарын хайлт хийх боломжгүй. Мөн хоёр монгол уулчин "GPS" авч явсан эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн Бямба гаригт Эверестийн оргил руу гарах зам нээгдэж, уулчдын улирал эхэлснээр хөл хөдөлгөөн ихэсчээ. Гэхдээ ууланд хүчтэй шуурч байгаа гэнэ. Зарим уулчид шуурга намжихыг хүлээж, аяллаа түр хойшлуулжээ.
ЭВЕРЕСТИЙГ ЗОРИХОД ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?
Аяллын компаниуд янз бүрийн багцыг уулчдад санал болгодог. Эверестийн оргилыг зориход 20-200 мянган ам.долларын өртөгтэй. Дундаж, стандарт үнэ нь 45 мянган ам.доллар. 20 мянган ам.долларын багц гэдэг бол бараг нүцгэн гар, хөлөөрөө авирснаас ялгаагүй аж. Харин 45 мянган ам.долларын багцад авирах зөвшөөрөл, холбооны төхөөрөөмж, нэмэлт хүчилтөрөгч, шаардлагатай багаж, хэрэгсэл зэрэг багтдаг гэнэ.
Тэгвэл хамгийн өндөр өртөгтэй 200 мянган ам.долларын багцад олон тооны шерпа, сайн чанарын хоол хүнс, том чанартай майхан, дэвшилтэт холбоо харилцааны тоног төхөөрөмж, сүүлийн үеийн хүчилтөрөгчийн танк, баг тэргүүтэн багтдаг.
Эверест руу авирах зөвшөөрөл 11 мянган ам.долларын үнэтэй. Энэ жилийн хувьд Балба улс 414 уулчинд Эверестэд авирах зөвшөөрөл олгожээ. Харин Макалу руу авирахад 1.8 мянган ам.долларын үнэтэй. Хувийн шерпа 8000 ам.доллар, хүчилтөрөгчийн танк 3000 ам.доллар, хүчилтөрөгчийн баг 450 ам.доллар, уулын хувцас хэрэглэл 6000 ам.доллар, жуулчлалын агентлагийн хөлс 250 ам.доллар, Балбын аялалын виза 100 ам.доллар, хог хаягдлын хураамж 400 ам.доллар, 1-4 хүртэлх бааз дээр амрах майхан 3000 ам.доллар зэрэг олон тооны үйлчилгээний хураамжтай байдаг.
Саяхан нэгэн франц уулчин Макалу оргил руу авчирч байх үедээ амиа алджээ.
Холбоотой мэдээ