Нийтийн тээврийн үйлчилгээний карт ашигладаггүй, бэлэн мөнгө өгдөг зорчигч, авдаг жолооч нарыг илрүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийж буй. Энэ хүрээнд Нийтийн тээврийн газраас хяналт шалгалт хийж зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтын ажил эхэлсэн бөгөөд өдөрт нийт 43 шалгагч 42 автобусанд шалгалт хийхэд 511 зорчигч мөнгөө төлөлгүй явж байсныг илрүүлсэн гэв.
Нийслэлийн иргэдээ ая тухтай үйлчилгээтэй, аюулгүй автобустай болгоход төсвийн орлогоос гадна үйлчилгээний хөлс чухал нөлөөтэй. Зарлага гаргаж орлого олох ёстой процесс алдагдаж, компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгч байгаатай шууд холбоотой учир хүн бүр төлбөрөө төлж зорчихыг холбогдох газрууд цахим хуудсаараа уриалжээ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛБӨРИЙГ 1000 БОЛГОНО
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон гэсэн юм.
Одоогоор автобусны үнэ нэмэхийг эцэслээгүй ч цаашид 1000 төгрөг болгох талаар албан бус шийдвэрийг хэлэлцэж буй. Гэхдээ төлбөрийг нэмсэн ч зорчигчдын тал нь мөнгөө төлөхгүй автобусанд суусаар байвал үр дүн төдийлөн гарахгүй. Тиймээс зарим автобусанд толгой тоолох төхөөрөмж суурилуулж, аль чиглэлд хэчнээн хүн суудаг бодит тоог нийслэлээс гаргаж, үүний дараагаар төлбөрийг нэмэх эсэхээ эцэслэх юм.
Холбоотой мэдээ