УИХ-ын дарга Дорнодод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Дорнодод ажиллаж байна

Орон нутагт ажиллахаар мордсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр үдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод ирэв. Тэрбээр энд ирсэн даруйдаа албан уулзалтаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудаас эхэллээ.

Дорнодчууд УИХ-ын даргад өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьж, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тус аймгийн хэд хэдэн суманд шүлхий өвчин гарсан нь нэлээд хүндрэл учруулсан байна. Гэвч үүнийг даван туулахын тулд олон ажил зохион байгуулснаа дурьдаж байлаа. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд 1.8 км хатуу хучилттай зам тавьжээ. Шинээр Хөгжимт драмын театр, 640 хүүхэд хичээллэх сургуулийн барилга барьж байгаа зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эхэлжээ. Харин зарим сумыг эрчим хүчээр хангах ажил тулгамдаад байгаа аж. Засаг даргын Тамгын газрын байр нь ОХУ-ын эзэмшилд байдаг учраас өөрийн гэсэн байртай болоход Засгийн газраас дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгав.

Энэ бүхнийг сонссон УИХ-ын дарга гол нь төрийн албан хаагчид хариуцлагатай ажиллахыг захиад “Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхээр болсон.  Ингэснээр та нарт тавих шаардлага улам өндөр болохыг хэлмээр байна. Иргэдэд хүргэх үйлчилгээгээ сайжруулж, төрийн хуулийн хэрэгжилтийг хангах талд дээр сайн ажиллах ёстой. Одоогоос арваад жилийн өмнөхийг бодвол Чойбалсан хотод өөрчлөгдсөн зүйл их байна. Өөрчлөхөөр санаж зорьж яваа зүйл ч олон байгаа юм байна. Гагцхүү энэ бүхэн биеллээ олох нь та бүхнээс шалтгаална. Дорнод аймаг ураны нөөц ихтэй. Гэхдээ ганцхан үүнийгээ түшиглэнэ гэж байхгүй. Уламжлалт хөдөө аж ахуйгаа давхар хөгжүүлэх ёстой. Дорнод аймагт газрын тос олборлож байгаа асууудал нэлээд хэл ам таталж, бидний чихийг халууцуулдаг. Энэ асуудлаа та нар орон нутагтаа зохицуулж, сум аймагтаа өөрсдөө эзэн нь байхыг сануулъя” гэлээ.

Үүний дараа Тамгын газрын ажилтнууд УИХ-ын даргаас сонирхсон зүйлээ асуув. Тэд мянганы замыг яаралтай тавих, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг сайжруулахад төрөөс анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн оюутнуудын төлбөрөөс төр төлөлцөхөөр болсон Засгийн газрын шийдвэрийг шүүмжлэх нэгэн ч байв. Улс экспортын бүтээгдэхүүнээсээ татвар авдаггүйг сайшаахгүй байгаагаа ч зарим нь хэллээ. Засаг даргын Тамгын газрын байрны асуудлыг олон хүн хөндөж байв.

Энэ бүхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хариулахдаа “Аймаг бүр мянганы замаа хурдан тавих хүсэлтэй байгаа. Ямар ч байсан энэ замыг тавина. Гэхдээ өнөө маргааш гэж хэлэхгүй. Харин Засаг даргын Тамгын газрын байрны асуудлыг Засгийн газартай яръя. Гэхдээ бид аймгуудын Засаг даргын байрын асуудлыг хойш тавих бодолтой байна. Юун түрүүнд улс орныхоо бэл бэнчинг сайжруулчихвал байр савны асуудал тэртэй тэргүй шийдэгдэх байх. Боловсролын асуудлын хувьд төрийн албан хаагч, ядуу айлын хүүхдийн төлбөрийг төрөөс даадаг тогтолцоог эргэж харж магадгүй. Учир нь онц сурч байгаа, нийгэмд хэрэгтэй мэргэжил сонгосон хүүхдийн сургалтыг төлбөрөөс даадаг системийг илүүд үзэж байгаа. Экспортын бүтээгдэхүүнээс авах татварыг уян хатан болгох хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байна. Гэхдээ бүгдээс нь өндөр татвар авах юм бол Монголд импортын бараа ноёлох болно гэдгийг бас санах хэрэгтэй” гэв. Мөн төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх бодлого дээр хатуу зогсч байгааг дахин хэллээ.

Уулзалтас гараад УИХ-ын дарга аймгийн Буддагийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын зургадугаар сургуульд зочилж, аймагт хийж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж