Украины тэргүүн хатагтай Олена Зеленска болон Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар Даваа гаригт Сербид гэнэт айлчилжээ. Дмитрий Кулебагийн хувьд Орос, Украины дайн эхэлсний дараахан Сербид айлчилж байв. Энэ айлчлалынхаа үеэр тэр Сербийн ерөнхийлөгч Александр Вучич, ерөнхий сайд Милош Вучевич нартай уулзсан юм. Айлчлалын дараа ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэл гаргахдаа "Серби улс олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын гишүүн орон бүрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг, тэр дундаа Украиныг хүндэтгэх үүрэг хүлээдэг" гэжээ.
Шинэ ерөнхий сайд Милош Вучевичийн засгийн газарт Оросын талыг баримтлагч хэд хэдэн сайд, тэр дундаа АНУ-ын хоригт хамрагдсан хоёр сайд багтдаг.
Айлчлалын үеэр Зеленска, Кулеба, Сербийн Гадаад хэргийн сайд Тамара Вучич нар Белград хот болон дундад зууны үеийн Калемегдан цайзтай танилцсан байна. Мөн Белград, Киев хотын их дээд сургуулиудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Серби улс нь Оростой ойр харилцаатай бөгөөд Москвагийн эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан билээ. Дайтагч талуудын алинд ч зэвсэг нийлүүлдэггүй, төвийг сахисан байр суурьтай гэдгээ тус улсын эрх баригчид удаа дараалан зарласан. Зуучлагч орнуудаар дамжуулан Украинд пуужин нийлүүлсэн гэж ОХУ-ын засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд өнгөрсөн онд мэдээлсэн ч Серби үүнийг няцаажээ. Тэгвэл энэ удаагийн Кулеба, Зеленска нарын айлчлал мөн л ОХУ-ын зүгээс шүүмжлэлтэй тулгарсан байна.
Серби улс Украинд зэвсгийн тусламж үзүүлээгүй ч хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлжээ. Тус улсын ерөнхийлөгч Вучич нь Оросыг дэмжигч бөгөөд Москва, Бээжин, Брюссель, Вашингтоны харилцааг тэнцвэржүүлэх зорилгын дор төвийг сахисан бодлого баримталдаг гэж мэдэгдсээр ирсэн. Тэрбээр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй олон улсын хурлын үеэр гурван удаа албан бусаар уулзаж байв.
Эх сурвалж: AP, REUTERS