Сүүлийн найман жилд зам тээврийн ослын улмаас 300 хүн зуурдаар нас барж, 200 гаруй гэр бүл хайртай дотны хүмүүсээ алдаж өнчрөв. Энэ бол зөвхөн Дарханы замд авто осолд орж амиа алдсан хүний тоо. Нэг хүн амиа алдвал эмгэнэл, олон хүн амиа алдвал статистик гэдэг үг бий. МАН-ын найман жил шахам барьж байгаа 200-хан км урттай, авто замд олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Хэрэвзээ тэнд осолд орж амиа алдсан, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн хохирлыг тооцвол багагүй тоо гарна.
Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харвал 2018-2021 оны хооронд тус зам дээр 127 хүн нас баржээ.
МАН засгийн эрхэнд гарсны дараа Дарханы там болсон замыг засна гэж ам өчгөө өгч байв. Замыг шинэчлэх ажил найман жилийн өмнө эхэлсэн. Харамсалтай нь, хуанлийн хуудас өнөөдөр 2024 оны тавдугаар сарын 15-ныг зааж байгаа ч замын бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй, төсвийн болон иргэдийн хувьд там хэвээрээ байна.
Хуучин замыг нь хуулж, шинэ зам барихаар болсон тэр үеэс тоолбол тус замын бүтээн байгуулалт гурван Засгийн газар, зургаан сайдын "хойдох"-ыг уншжээ.
Анх 2017 онд Зам тээврийн сайд асан Д.Ганбат Улаанбаатар, Дарханы замд ажиллах үеэрээ стандарт шаардлага хангахгүй байгаа тус замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн, цемент бетон хийцлэлтэй өндөр чанартай зам тавихаа хар толгойгоороо хариуцан авч байлаа.
Гэвч тэрбээр замаа барьж чадалгүй төрхөмдөө буцсан. Түүний дараагаар Зам тээврийн хөгжлийн сайдаар ээлж дараалан очсон болгон Дарханы замтай "ноцолддог" ч ганц ажилтай болж хувирсан.
Тодруулбал, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гурван Засгийн газар, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, Б.Бямбацогт зэрэг Зам тээврийн хөгжлийн зургаан сайдын нүүр үзсэний эцэст Дарханы замын хуулсан хоёр эгнээг арай гэж 2022 оны төгсгөлд нээсэн байдаг. Ашиглалтад ороод удаагүй байхдаа тус замд эвдрэл үүсч зорчих хөдөлгөөнийг хэд хэдэн удаа түр хязгаарлах хүртэл арга хэмжээ авчээ. Балаг нь дуусахгүй Дархан чиглэлийн замын ажлыг Б.Бямбацогт ч бүрэн дуусгаж чадалгүй, сонгуультай золгож байна.
Нийтдээ найман жил үргэлжилсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт төсөв 733.4 тэрбум төгрөг. Тэгвэл 2024 оны төсөвт нэмээд 144.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
ДАРХНЫ ЗАМЫН ТЕНДЕРТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗАРИМ ХҮНИЙГ ШАЛГАЖ, ХОРИВ
Ингээд өнгөрсөн найман жил иргэдийг тамласан Дарханы зам тойрсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Он цагийн дараалал:






ТӨСӨВ: 4 ЭГНЭЭ ЗАМЫН ХОЁРЫНХ НЬ САНХҮҮЖИЛТИЙГ ЗЭЭЛСЭН
Тус замыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны зээлийн 62.8 сая ам.доллар буюу 190 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж эхэлсэн. Одоо ч замын ажил дуусаагүй, үргэлжилсээр байгаа.
- Нэгдүгээр багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам
- Хоёрдугаар багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
- Гуравдугаар багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
- Дөрөвдүгээр багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
- Тавдугаар багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам
2023 оны арваннэгдүгээр сард Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээгээр бүрэн нээсэн.
Одоо тус замд,
- Хөвөөний тэгшилгээ, нягтаршуулалтын
- Орчны цэвэрлэгээ
- Төмөр туузан хашлага суурилуулалт
- Малын хориг хашааны ажлууд
- Гэрэлтүүлэг, самбар зэрэг хийгдэж байна.
Гүйцэтгэгчээр нь “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компани шалгарчээ. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр дотоодын “Эсто” ХХК, “Болорболд зам” ХХК, “Дойч роуд” ХХК, “Нарны үүсгэл” ХХК, “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп, “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп”, “Чайна Жео-Инженеринг Корпораци” тус тус шалгарч, ажилласан. Тус таван багцад шаардлагатай хамгийн өндөр санхүүжилтийг Азийн хөгжлийн банк /АХБ/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/ гаргасан байдаг.
ДАРХНЫ ЗАМЫГ "ДААЖ" АВСАН САЙД НАРЫН АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ
-Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /2017 он/ тус замыг шинэчлэх болсон талаар анх мэдэгдэж байв. Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км замыг өргөтгөж, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийн зам болгоно. Тус замыг үндэсний үйлдвэрлэлийн цементийг ашиглаж, чанартай зам барих боломжтой.
Энэ мэдэгдлээс есөн сарын дараа 2017 оны аравдугаар сарын 19-нд Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилсон байдаг. Тэрбээр, 2018 оны долдугаар сард Дарханы замыг бүрэн шинэчлэхгүй, хааш хааш нь нэг метр өргөсгөхөөр болсон талаар мэдэгдсэн. Энэ тухай түүний өгсөн мэдээлэл нь: Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэчлэлийн ажлыг хийнэ.
Улаанбаатараас Дархан хүртэлх замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийж, шинэчилнэ. Цааш Сэлэнгэ хүртэлх замыг хучилтыг нь сайжруулах ажил хийнэ.
Тэгвэл 2019 оны гуравдугаар сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас орж ирж байгаа 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн 120 сая ам.доллараар нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг санхүүжүүлэхээр болсон гэж мэдээлж байжээ.
–Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх /2019.06 сар/ Дарханы замын барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, шав тавьж нээв. Тэрбээр, "Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто зам нь олон улсын хамаарал бүхий ачаалал ихтэй зам тул 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгож" байлаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн үед Дархын замын ажил урагшлаагүй бөгөөд тус яамны сайдаар 2020 оны зургадугаар сард Л.Халтар томилогдсон байдаг.
–Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /2022.04 сар/: 2019 онд Дарханы зам дээр компаниуд 45 хоног л талбай дээр байрлаж ажилласан. 2020 оны хоёрдугаар сард Засгийн газраас хятад ажилчдыг оруулахыг зөвшөөрсөн. Замын нийт далангийн ажлын 70 хувь дууссан.
Дарханы замаар инээгээд зорчих өдөр ирнэ.
Замын ажлууд хуваарийн дагуу хийгдээд явж байна гэсэн нийтийг бухимдуулсан тайлбар өгсөн билээ.
2023 ОНД ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГҮЙ ЗАМ АШИГЛАЛТАД ОРОВ
Харин Зам тээврийн яамнаас замчдын бүтээн байгуулалтын ажлыг битгий үгүйсгээсэй. Тус замын ажил бүрэн дуусаагүй гэдгийг онцолсон байдаг.
ДАРХАНЫ ЗАМЫН НЭМЭЛТ 5 СМ ХУЧИЛТЫГ 50 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ХИЙНЭ
Их хэмжээний нойтон цас орсны улмаас Дарханы замд өнгөрсөн дөрөвдүгээр сард эвдрэл үүссэн. "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэгч болсондоо бантсан уу, ямартай ч Зам тээврийн хөгжлийн яамнаас уг замыг засах тендерийг саяхан зарлажээ. Нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх ажил нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэмэлт таван см хучилтын ажил. Нийт төсөвт өртөг нь 50 тэрбум 730 сая төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь зээл.
Тус тендер нь нээлттэй сонгон шалгаруулалтыг зургадугаар сарын 20 хүртэл зарласан бөгөөд нийт хоёр багц ажил байгаа аж.
Ердөө 204 км замыг зургаан жилд барьж дуусгаагүйгээр энэ зам дэлхийд рекорд эвдэхэд ойрхон байгаа. Ямартай ч найман жил яст мэлхийн хурдаар явсан ажил төрийн есөн удирдлагын нүүр үзэж байж эцэст нь хагас дутуу ашиглалтад орсон нь сайшаалтай. Гэхдээ төсөв, санхүүжилт, буцалтгүй тусламжийн зардал өндөр тусгасан Дархан чиглэлийн 204 км замын ажил одоог хүртэл дулимаг.
Олон хүний амиар наадсан Дарханы замын ажил тоглоом биш. Өөрөөр хэлбэл стандартын дагуу бүрэн ашиглалтад орсон ч хүмүүс инээгээд алхах бүтээн байгуулалт биш гэсэн үг.
Тиймээс төлөөс ихтэй замын төсөв өртөг, зольсон хүмүүсээ бодсон ч хар толгойгоогоороо хариуцаж байсан эрх бүхий этгээдүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй юм.
Холбоотой мэдээ