Украины хоёр дахь том хот болох Харьковын ойролцоох, зүүн хойд хилийн Вовчанск хот руу Оросын цэргийн хүчин нэвтэрсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Харин хотын зүүн хилээс "дайсныг хөөн гаргасан" гэж Украин мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Орос "шинэ хуурай замын дайралт" хийснээр дор хаяж есөн тосгон, суурин эзлэгдсэн. Хэдэн зуун иргэд дайралтаас эмээж, Харьков руу зугтсан аж.
Украины өндөр албан тушаалтнууд Оросын дайралт Харьков хот руу чиглэвэл юу болох талаар болгоомжилж байна. Москва сүүлийн довтолгоондоо "чухал хүч" гэгдэх таван батальоныг ашиглаж, "тактикийн хувьд тодорхой амжилтад хүрсэн" гэдгийг Украин хүлээн зөвшөөрөв. Гэхдээ дайралтын үеэр Орос 100 гаруй цэргээ алдаж, Украин хуучин байрлалаа сэргээж чаджээ. Байлдаан нэгэн зэрэг 12 газарт үргэлжилж байгаа бөгөөд Вочанскаас баруун зүгт орших Старица суурин хүртэл хүрээгээ тэлсэн. Тиймээс Харьков хотыг хамгаалахын тулд Киев нэмэлт хүчин гаргах тушаал өгчээ.
Өмнө нь Харьков бүс нутгийг генерал Юрий Халушкин хариуцдаг байсан бол ерөнхийлөгч Зеленский шинэ генерал томилсон байна. Түүнийг Михайло Драпатый орлох болжээ. Харьковоос 74 км зайтай орших Вовчанск хот сүүлийн өдрүүдэд хүчтэй бөмбөгдөлтөд өртөж, ойр орчмын бүс нутгийг Орос гулсмал бөмбөгөөр онилох болов. Тус хот цэргийн чухал бүс нутаг биш ч эзлэгдэх юм бол Харьков аюулд орно гэж Киев үзэж буй. Харьков бүсийн тэргүүн Олех Сыниехубов хэлэхдээ, Оросууд шинэ чиглэл гаргаж, жижиг бүлгүүдээр довтлох замаар фронтын шугамыг зориудаар сунгахыг оролдож байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ