ОХУ-ын ерөнхийлөгч Путин хамт загасчилдаг найзаа эдийн засгийн мэргэжилтнээр сольсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр Сергей Шойгуг огцруулж, ерөнхий сайдын орлогч асан Андрей Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилжээ.
Энэхүү томилгоог ажиглагчид янз бүрээр тайлбарлаж буй. ОХУ-ын Төв банкны зөвлөх асан Александра Прокопенко үүнийг дайн ба Оросын эдийн засаг хоорондын хамаарал улам бүр өсөн нэмэгдэж буйтай холбон тайлбарлажээ. "Путины тэргүүлэх чиглэл бол дайн. Үгүйрсэн дайныг эдийн засаг л ялна. Белоусов төсвөөс эрэлтийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа нь цэргийн зардал буурахгүй харин ч нэмэгдэхийн илэрхийлэл. Белоусов цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг маш сайн мэддэг. Тэр бол төрийн мэргэн ухааныг илэрхийлэх хүн" гэж тэр хэлсэн байна.
Үргэлжилж буй дайныг барууны батлан хамгаалахын үйлдвэрлэгчид болон ОХУ-ын хоорондын өрсөлдөөн гэж үзвэл ийм алхам хийх нь утга учиртай аж.
АНУ болон НАТО-гийн албаныхан Оросын их бууны сум үйлдвэрлэлийн хэмжээ баруунаас хол давсныг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. НАТО-ийн тагнуулын тооцооллоос харвал ОХУ жилд АНУ, Европынхоос гурав дахин их хэмжээгээр их бууны сум үйлдвэрлэж байна. Тиймээс Батлан хамгаалах яаманд эдийн засгийн чадварлаг мэргэжилтэнтэй болох нь Путинд ашигтай.
Белоусовыг томилсон нь Батлан хамгаалах яаманд хийх цэвэрлэгээний эхлэл ч байж магадгүй. Сүүлийн хэдэн долоо хоногт тус яам авлигын дуулианд өртөж, "Сергей Шойгугийн хүн" гэгддэг Батлан хамгаалахын дэд сайд Тимур Иванов баривчлагдсан.
Александра Прокопенко Оросын Хаант улсын ерөнхий сайд агсан Петр Столыпинтой Андрей Белоусовыг зүйрлэжээ. ОХУ 1905 онд Японд ялагдсаны дараа Петр Столыпин улс орныхоо үр ашиггүй эдийн засгийг шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулсан юм.
Гэхдээ Путин Шойгуг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлсэн Шойгу тоглоомоос бүрмөсөн гарсан гэсэн үг биш. "Шойгу цэргийн үйлдвэрлэлийн асуудалд идэвхтэй оролцоно. Гэхдээ яг одоо бол дайны үеийн эдийн засгийг чадварлаг удирдах нь чухал байна. Шинэ санаачлагад илүү нээлттэй хүн л өнөөдөр тулааны талбарт ялагч болно. Тиймээс ерөнхийлөгч Путин ОХУ-ын Батлан хамгаалах яамыг энгийн иргэн удирдах ёстой гэж шийдсэн нь зүйн хэрэг юм" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Харин Аюулгүйн зөвлөлийн өмнөх нарийн бичгийн дарга Николай Патрушев албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ерөнхий сайдын орлогч болжээ.
Эх сурвалж: CNN