Циркчид Асашёорюүгийн амлалтад итгэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Циркчид Асашёорюүгийн амлалтад итгэхгүй байна

Циркчид Асашёорюүгийн амлалтад итгэхгүй байна

Улсын циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэдгийг “АСА” циркийн захирал, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж мэдэгдсэн. Гэвч түүний энэ мэдэгдэлд циркчид итгэхгүй байгаагаа хэлж байна. Олон жил гацсан барилга ашиглалтад орлоо гэхэд шоу цэнгээний газар л болж хувирна гэдгийг хэлж байгаа юм.

"УЛСЫН ЦИРКИЙГ ЗАСВАРЛАЖ, ЦИРКЧИД ОРОН БАЙРТАЙ БОЛНО ГЭСЭН НАЙДВАРГҮЙ БОЛСОН"

"Даймонд цирк”-ийн үүсгэн байгуулагч Н.Дашдэндэв "Улсын циркийн барилгыг ирэх долдугаар сард бүрэн дуусгах юм уу даа. Одоо барьж дуусаагүй барилгыг нээнэ гэдэг итгэлгүй л байна. Дахиад нэг жил болох байлгүй. УИХ-ын сонгууль дуусаад л циркийн барилгын асуудлыг мартана. Сонгуулийн өмнөх сенсаци шүү дээ. Ер нь улсын циркийг сэргээн засварлаж, циркчид орон байртай болно гэсэн найдвар байхгүй болсон" гэв.

Мөн тэрбээр "Манайх нийт 30 орчим уран бүтээлчтэй. Олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулдаг. Жил бүр нэг том хэмжээний шоу тоглолтыг заал түрээслэн зохион байгуулж байгаа. Улсын циркийн барилга ашиглалтад орно гэдэгт итгэлгүй байна" гэсэн юм.

"ЗОРИУЛАЛТЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРВОЛ САЙХАН Л БАЙНА"

Харин Монголын мэргэжлийн циркчдийн холбооны дэд тэргүүн Ю.Гэрэлбаатар "Улсын циркийн барилгын засварын ажил нь зогсоогүй үргэлжилж л байна. Бид газар дээр нь очиж, засварын ажилтай танилцаагүй. Ирэх долдугаар сараасаа бага зэрэг хоцрох магадлалтай байх. Ямар ч байсан энэ жилдээ албан ёсны нээлтээ хийчих болов уу гэж найдаж байна. Зориулалтын барилга маань ашиглалтад орвол сайхан л байна.

Аса циркийн зүгээс уран бүтээлчидтэй гэрээ байгуулан, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бид байнгын уулзаж, холбоотой байгаа.

Мэргэжлийн циркийн сургууль төгссөн 960 уран бүтээлч бий. Өөр бусад сургууль сурч төгссөн уран бүтээлч гэвэл 3000 гаруй бий. Циркийн сургуулийн шинэ байрыг Монгол Улсын консерваторийн хашаандаа барихаар зураг төслийг нь гаргасан ч төсөв санхүүжилтгүй гацсан байдалтай байна" гэдгийг хэллээ.

Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Гэтэл нэмээд улсын циркийн урд талд 35 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-аар албаныхан мэдээлсэн. Албаныхны тайлбарлаж байгаагаар циркийн газар биш банкны газар гэдгийг онцолдог.

Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшил газар дээр оффис үйлчилгээний зориулалттай 35 давхар барилга барихаар төлөвлөжээ. Угтаа өндөр барилга барихаар төлөвлөсөн энэ газар ч улсын циркийн газрын нэг хэсэг. Циркийн урд талд 35 давхар өндөр барилга баривал түүхэн дурсгалт барилгын архитектурын орон зай нь алдагдана гэдгийг судлаачид хэлж, анхааруулж байгаа. Гэвч хэн ч тоож, авч хэлэлцэлгүй өдийг хүрсэн.

Улаанбаатар хотын түүх судлаач Г.ОЧБАЯР:

-Улсын циркийн барилгын талаар саяхан олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдсан. Түүхэн дурсгалт барилгын ойр орчимд 35 давхар барилга барихаар төлөвлөсөн. Гэхдээ циркийн барилгыг буулгахгүй гэсэн. Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.

Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.

Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана. Хотын даргаар ажиллаж байсан хүний гэр бүл түүхэн дурсгалт барилгыг үгүй хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж