Даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэй байна

Даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэй байна

Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбумаар нэмэгдүүлэн, 1,2 их наяд төгрөгт хүргэнгүүт орон сууцны үнэ 5-10 сая төгрөгөөр нэмэгдэн, банкнаас зээл хүсээд байсан иргэдийг ахин мөнгөний эрэлд гаргахад хүргэв. Барилгын компаниудын давруу зан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.

“Ипотекийн санхүүжилт эрэлтээ гүйцэхгүйгээс орон сууцууд борлогдохгүй байна” гэх гомдлыг тавьж суусан барилгынханд бизнесээ хийх таатай орчин бүрдүүлж өгөөд байхад л барьж буй хариу нь энэ.

Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх жилийнхээс 10.2 хувиар, өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн болохыг  тавдугаар сарын 10-нд мэдээлэв. Байршлаасаа хамаарч шинэ орон сууцны дундаж үнэ 1 м2 нь 4.3 саяас 2.75 сая төгрөгийн хооронд байна.

Тодруулбал,  Хан-Уул дүүрэгт 1м2 орон сууцны үнэ 4.3 сая төгрөг, Баянгол дүүрэгт 4 сая, Сүхбаатар дүүрэгт 3.9 сая, Баянзүрх дүүрэгт 3.66 сая, Чингэлтэй дүүрэгт 3.43 сая, Сонгинохайрхан дүүрэгт 2.75 сая төгрөгийн үнэтэй болжээ.

Хэрвээ иргэн 50 м2 орон сууцыг 3.9 сая төгрөгөөр авах болоход 195 сая төгрөг шаардаж байгаа юм.  Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх шаардлагатай. Ийн тооцоо хийхэд  48.5 сая төгрөг урьдчилгаа төлбөрт хийх шалгуур тавигдана.  Дээр нь сарынх нь гэр бүлийн орлого 2,5 сая төгрөгөөс дээш байх ёстой.  Тэгж байж 25-30 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдана.  Гэтэл 50 м2 байр гэдэг бол ердөө хоёр өрөө буюу бөгс эргэх төдий талбай гэсэн үг.

Байрны үнэ өсөхөд нэгдүгээрт, Covid-19 цар тахлаас болж, хил гааль хаагдсан нь нөлөөлсөн гэж үздэг. Мөн өнгөрсөн жилүүдэд цементийн үнэ огцом өссөн нь байрны үнэд нөлөөлсөн байна. Дээр нь үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компаниуд гарч ирсэн нь үнэд нөлөөлөх болсон. Гэхдээ  үндсэн гол шалтгаан нь барилгын компаниудтай холбоотойг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Нийслэлээс гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд 1.2 их наяд төгрөгийн бонд гаргах асуудал яригдаж эхлэхэд Улаанбаатар хотын хэмжээнд  байрны үнийн хөөс хагарах төлөвтэй болсон ч ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэнгүүт үнэ өссөн нь эргээд эдийн засагт ч үнийн шок үүсгэж мэдэхээр байна.

Уг нь Засгийн газраас байрны үнийг тогтворжуулах зорилгоор импортоор орж ирэх цементэд ногдуулдаг татварын хэмжээг бууруулж, 5 хувиар тогтоох хуулийг УИХ-аар батлуулсан.

Гэвч татварын хөнгөлөлт эдлэх хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцүүлэн байрны үнийг өсгөсөн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, үнийн өсөлт хэр бодитой вэ гэдгийг тогтоох шаардлага ч нэг талаар үүсгээд байна.

Уг нь аливаа бараа бүтээгдэхүүний үнэ чанар дээр үндэслэж тогтох ёстой. Харамсалтай нь, Монголд эсрэгээрээ байгааг шүүмжлэх хүмүүс ч олон байгаа юм.  Учир нь, жил ирэх тусам байрны үнэ өсөөд байгаа ч чанар нь дээшилдэггүй.  Нэг их өндөр үнээс цаашгүй болсон. Зэргэлдээ хоёр хөршийн яриа бие биендээ сонсогдоно.  Крантнаас нь зэвтэй ус гоождог тул уух нь байтугай усанд орж, хувцсаа ч угаах боломжгүй.  Гол усны гольдрол хааж барилга барьсан тул зун болж бороо сууж ороход л подваль нь усанд автдаг, дээврээсээ ус алддаг, Аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны хязгаарлалт хийхээс аргагүйд хүрдэг гээд тоочвол байрны чанартай холбоотой олон асуудал хөндөгдөж буй. Газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь үнэлбэл бүр хэцүү мэдээ сонсогдоно.

Улаанбаатар хотын хэмжээнд 7 баллаас дээших газар хөдлөлтийг тэсвэрлэх барилга тун цөөхөн байгааг шалгалтаар тодорхойлсон. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулснаар Улаанбаатар хотын 976 барилгад мэргэжлийн байгууллагууд газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Харин шинээр ашиглалтад орж байгаа барилгын реклам нь  8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ л гэж залдаг. Ер нь бол нийслэлд баригдсан орон сууцны үнэ чанар дагах бус байршил дагаж тогтдог гэж хэлж болно.  Чанар бол хаягдсан.  Ийм орон сууцуудыг яагаад Улсын комисс нь хүлээж аваад байдаг нь ч хачирхалтай.

Жишээ татахад, 16-20 мянган иргэн оршин суух орон сууцны хороолол барьсан хэрнээ улсын цэцэрлэг, сургууль байхгүй.  Гал гарахад галын машин орох орц гарц байхгүй.

Зарим орон сууцны хотхонууд шатахууны агуулахтай хаяа залган байршиж буй нь ч бий. Өнгөрсөн өвөл Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдоход нийтийн эзэмшлийн орон сууц галд автсанаас 100 гаруй өрх орох оронгүй болж, өнөөдөр түрээсийн байранд амьдарч байна.

Түлш нөөцлөх агуулахтай хаяа дэрлэн байршиж буй орон сууцууд эрсдэлд орохгүй гэх баталгаа үгүй. Дээр нь шатахуун түгээх станцуудтай зэрэгцэн оршиж байгаа орон сууцууд ч олон бий.

Энэ бүх эрсдлийг тооцсон хяналт шалгалтыг хийвэл Улаанбаатар хотод баригдсан тэнгэрт хадсан үнэтэй орон сууцуудаас шаардлага хангах нь хуруу дарам л гарна.

Хоёр жилийн өмнө Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганбат “Зарим барилга руу би айгаад харж чаддаггүй. Энэ барилгыг муу барьж байна шүү гээд очоод хэлчихмээр санагдах үе ч бишгүй. Нийт барилгын чанар ямар байна вэ гэж асуувал “Дунд” л гэж хэлнэ” гэж нийслэлд баригдаж буй барилгуудын чанарыг тодорхойлж байв.

Товчхондоо даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэй байна ч гэж хэлж болохоор боллоо. Эрх ашиг, түрийвч нэгдчихээгүй бол байрны үнээ өсгөж буй барилгын компанийг хяналтандаа авч, үнэ нь үндэслэлтэй эсэхийг нэг нягталмаар байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж