Сурвалжлага: Зам засах нэрээр гурав хоногт "гурилдаж" байна

Хуучирсан мэдээ: 2024.05.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Зам засах нэрээр гурав хоногт "гурилдаж" байна

Сурвалжлага: Зам засах нэрээр гурав хоногт "гурилдаж" байна

Урин дулаантай зэрэгцэж, Улаанбаатарын замуудын засварын ажил энд тэндгүй өрнөж байна. Урьд өмнө нь зам засах нэрээр ухаж, сэндийлээд намрын сэрүүнтэй золгодог байсан бол энэ жил зам засварыг хоёр, гуравхан хоногт "гялалзуулах" болсон нь айсуй сонгуультай холбоотой. Хоёр гуравхан хоногийн дотор засагдаж, өнгө зүсээ шинэчилсэн нийслэлийн замуудын төсөв болон чанарын талаар сурвалжиллаа.

Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар хяналтын хэлтсээс өгсөн мэдээллээр, энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогоор нийт 13 байршилд гэрээ байгуулан ажиллаж байгаа гэв.

2024 онд хотын төвийн зургаан дүүргийн 201 байршилд мөн эвдрэл, нүх засах ёстой бөгөөд тус ажил 40 орчим хувьтай байгаа аж.

Шинэчилсэн замуудын хувьд уулзвараар зорчиход шууд л анзаарагдах бөгөөд явган хүний зам, дугуйтай зорчих хэсэг, гэрэл дохионы уулзвар хэсгүүд нь дуусаагүй зөвхөн замын зорчих үндсэн хэсгийг л нээсэн байлаа.

НЭГ ХОНОГТ ЗАССАН ЗАЙСАНГИЙН 4 ЗАМЫН УУЛЗВАР

Зайсангийн дөрвөн замын уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг амралтын хоёр өдөр шинэчилж, хөдөлгөөнийг  нь нээсэн.

Нүх, бартаа ихтэй байсан уг замыг засч, өнгө үзэмж нь сэргэсэн ч иргэдийн зүгээс илүү их засвар хийх шаардлагатай байсныг хэлэв.

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, /ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх/ авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг гурван хэсэгт хувааж хийж байгаа. Ингэхдээ ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх аж. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэх юм байна.

Тус хэсгүүдийн явган хүний зам, гэрэл дохионы уулзвар хэсгүүдэд овоолготой шороо буулгаж, засварын ажлыг үргэлжлүүлж байна.

Энэ нь явганаар зорчиж байгаа иргэдэд хүндрэлтэй байна гэсэн юм.

58 ЖИЛИЙН ДАРАА УРСГАЛ ЗАСВАР ХИЙСЭН АНДУУДЫН УУЛЗВАР

Х.Магсаржавын гудамжны авто замыг хааж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, бидний нэрлэж заншсанаар "ТБД андууд"-ын уулзвараас "Улаанбаатар төмөр зам"-ын төв буудал хүртэлх авто замыг энэ сарын 10-13-нд хааж, шинэчилсэн.

Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.ГАНБАТ:

-Бетон хийцлэлтэй Андуудын уулзвараас Төмөр замын төв буудал хүртэлх авто замыг 1966 онд ашиглалтад оруулсан. Өмнө нь их засвар, шинэчлэл хийж байгаагүй. Нийт 0,6 км авто замд засвар шинэчлэлтийн ажил хийсэн. Тус авто замын тухайд хуучин байсан бетон хучилтыг асфальт бетоноор хучсан байгаа. Үүнээс гадна замын хашлагыг өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулсан. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийж байна.

Өчигдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн тус замын явган хүний зорчих хэсэг болон уулзварын хэсгийн шинэчлэлт дуусаагүй байгаа юм.

Иргэд уулзварын замд засвар зайлшгүй шаардлагатай байсан төдийгүй ус зайлуулах хоолой, явган хүний зам дутагдалтай байгааг хэллээ.

ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭГДСЭН ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАРЫН ЗАМ 

Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гурав хоногтхийж гүйцэтгэв. Тодруулбал Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, /Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 10-13-ны 06:00 цагийн хооронд хааж, гүйцэтгээд буй.

Иргэдийн зүгээс тус уулзварын замыг засах шаардлагагүй байсан. Харин Урт цагаан, Бөмбөгөр, Гандангийн хэсгийн замын нүхэн эвдрэлийг засах шаардлагатай гэлээ.

Цэцэг төвийн уулзварын замын тухайд засвараар хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулж, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэжээ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлуудыг хийж байгаа аж.

Замын ажил одоогоор мөн л бүрэн дуусаагүй байна.

Иргэдийн хэлж байгаагаар хотын төвийн замуудын нүхэн эвдрэл, гэмтлийг засч, өнгө үзэмжтэй болгож байгаа нь сайн ч 1-3 хоногт шинэчлэлтийг ажлыг эрчимтэй хийж байгаа нь эргээд чанар муу байх гэсэн хардлага төрүүлж байна.

Энэ зун бороо хур их байх учир эхний борооноор замын чанарыг шалгах боломжтойг ч хэлж байлаа.

Саяхан орсон шиврээ борооноор шинэчлээд удаагүй зарим замын тэмдэглэгээний будаг урссан. Тэгэхээр зулай шиг нимгэн өнгөлгөө, засварын ажилд байгаль өөрөө дүн тавьж магадгүй. Ямартай ч нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийх засвар шигэчлэлтийн ажил сар гаруйн хугацаанд өөрсдийнх нь тодорхойлсноор амжилттай үргэлжилж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж