ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Цагдаагийн байгууллагаас дээрх асуудлын хүрээнд ирсэн дуудлага мэдээлэл бүрийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлж байна. Анх 2023 оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Монтойбүрд" ХХК нь "Хөх дэгд" хэмээх 556 айлын хотхонд иргэд захиалга өгчээ. Гэвч захиалсан байр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй, иргэдийг залилж байна гэх асуудал бүртгэгдсэн.Урьдчилсан байдлаар “Монтойбүрд” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Хөх дэгд" гэх нэртэй орон сууцны хотхоны төслийн ажлыг хэрэгжүүлэхдээ 2023 оны байдлаар 132 иргэнээс 2.8 тэрбум төгрөгийн бартер эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан авч, тухайн үедээ иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Энэ хэрэгт тус компанийн захирал Б-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлж байна. мөн иргэн Б-г 2024 оны тавдугаар сарын 2-нб өдөр 48 цагийн хугацаагаар барьчилсан. Шүүхээс тухайн иргэнд хилийн хориг тавьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ
2023 онд ашиглалтад орох байсан ч өнөөдрийг хүртэл байр нь ашиглалтад ороогүй. Ухсан нүхнээс өөр зүйл байхгүй гэдгийг захиалагчид онцолсон бөгөөд тэдний зүгээс холбогдох албаныханд бичиг хүргэж, тэмцэж олон арга хэмжээ авсан ч тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас ийн өлсгөлөн зарлаж эхлээд буй. Одоогоор өлсгөлөн зарлаж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд тогтмол үзлэг хийж, хяналттай байгаа аж.
Хохирогч н.Ариунаа “Хууль шүүхийн байгууллага болон холбогдох газруудад хандаад найман сарын хугацаа өнгөрсөн байна. Одоог хүртэл шийдтэй хариу өгөхгүй байна. Биднийг суулт зарласнаас хойш “Монтайбүрд” ХХК-ийн удирдлагууд мөнгийг нь буцааж өгнө. Хохирлыг барагдуулна гэж хэлсэн ч дахин уулзахгүй алга болсон" гэлээ.
Нэг жилийн өмнө хохирогчид байрныхаа төлбөр төлөөд, байр ашиглалтад орох хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа, ах дүү хамаатан садныхаараа хоноглож байгаа хүмүүс ч олон гэнэ. Тэдний хувьд барилгын ажил нь эхлээгүй, зөвхөн ухсан нүхнээс өөр зүйлгүй бол төлсөн мөнгөө буцааж авахыг компанийн удирдлагуудаас шаардсан боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.