Индонезийн баруун хэсэгт орших Суматра аралд галт уулнаас урсаж буй "хүйтэн лаав" үер болж, 41 хүн амиа алджээ. Суматрагийн хамгийн идэвхтэй галт уул болох Марапи ууланд хүчтэй аадар бороо Бямба гаригт орсноос болж үнс нурам, хад чулуу урссан байна. Шаварны улмаас хоёр дүүрэг усанд автаж, хүмүүс амиа алдаж, 100 гаруй байшин, сүм хийд, олон нийтийн байгууламж эвдэрсэн. Одоог хүртэл 17 хүн сураггүй байна. Борооны үеэр галт уулын энгэрээр урсдаг материал болон хайрга чулууны холимог "хүйтэн лаав" урсах үед амьд үлдсэн хүмүүс хэрхэн зугтсан тухайгаа "BBC"-д ярьжээ.
Үер бол хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүдийн хамгийн сүүлийнх нь гэж мэргэжилтнүүд үзэж байна. Индонезийн Байгаль орчны форумын Баруун Суматра дахь салбарын захирал Венгки Пурванто "Байгалийн нөөцийг хэт их ашиглаж, санамсаргүй хөгжлийн улмаас шар усны үер, хүйтэн лаавын үерүүд дахин давтагдаж, эрчимжилт нэмэгдсээр байна.Үүнээс болж гамшиг жил бүр давтагддаг. Ер нь жил бүр давтамж нь нэмэгддэг. Нэг гамшиг, дараагийн гамшиг хоёрын хоорондох зай ойртож байна" гэж мэдэгдэв.
Марапи уулын эргэн тойронд сүүлийн зургаан сарын хугацаанд ижил төстэй хэд хэдэн гамшиг тохиолдсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд галт уул дэлбэрсний улмаас 23 явган аялагч амиа алдсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард үерийн улмаас Тана Датар дахь олон арван байшин эвдэрч сүйджээ. Өнгөрсөн сард л дэлбэрэлтийн улмаас тэнгэрт 2 км өндөр асар том үнсэн үүл үүсэнээс болж нислэгүүд саатаж, замууд хаагдан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Марапи нь нутгийн минанг хэлнээс "Галт уул" гэж орчуулагддаг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ