Мэргэжлийн сүмогийн энэ оны Нацү башё өчигдөр/2024.05.12/ Токио хотод эхэлсэн. Эхний өдөр том цолтнуудад халгаатай барилдаан олон болов. Тухайлбал, өнөө цагийн ганц идэвхтэй барилдаж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Оносатод, озэки Хошорюү С.Бямбасүрэн Атамифүжид, озэки Такакэйшо Хирадоүмид тус тус өвдөг шорооджээ.
Эхний өдрийн барилдааны үеэр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хавирга болон баруун өвдгөндөө бэртэл аван гурван долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон аж. Өдгөө 32 настай аваргын хувьд өвдөг болон гуяны бэртэлтэйгээ удаан хугацаанд тэмцэж байгаа бөгөөд одоо дахин хавиргандаа бэртэл авч, башёг эрт өндөрлүүллээ.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн Харү башёг мөн бэртлийн улмаас дуусгаж чадаагүй билээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртсэнээс хойш боломжит 17 башёгийн аравт нь бэртлийн улмаас барилдаагүй гэнэ.
Мөн озэки Такакэйшо эхний өдрийн барилдааны үеэр бэртэл авч, башёг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Өдгөө 27 настай түүний баруун цээжний булчин гэмтэл авсан аж.
Холбоотой мэдээ