Шүүмжлэлийг үл тэвчигч ерөнхийлөгчийн засаг захиргаа Тунисын нэр хүндтэй хуульч, хоёр сэтгүүлчийг баривчлах тушаал гаргажээ. Өмгөөлөгч, тоймч Соня Дахманиг хар масктай цагдаа нар өнгөрсөн тавдугаар сарын 11-ний орой хоргодож байсан Хуульчдын ордноос нь баривчилж буй бичлэг цахим сүлжээнд тархсан. Мөн орой телевиз, радиогийн хөтлөгч Борхен Бссаис, улс төрийн тоймч Моурад Зегиди нар "засаг захиргааны талаар тайлбар хийсэн" хэргээр баривчлагджээ. Тэдний өмгөөлөгч Гази Мрабет "48 цагийн баривчлах захирамжийн дагуу хоригдохоос өмнө тэднийг шүүхээс шалгах ёстой" гэв.

Өмгөөлөгч Дахманиг тавдугаар сарын 6-нд нэгэн телевизийн нэвтрүүлэгт хийсэн тайлбартай нь холбогдуулан зарлан дуудсан байна. Түүнийг дараа өдөр нь мэдүүлэг өгөхөөс татгалзсаны дараа хүчээр баривчилгаа явуулсан. "Carthage Plus" сувгийн "Donya Zina" нэвтрүүлэгт оролцохдоо Сахарын цөлөөс Африкийн дүрвэгсэд болон цагаачид Тунисаар дамжин тэнд үлдэхийг хичээж, "эзлэн суухыг" оролдох эсэх талаар Дахмани хөтлөгч Брахам Бсиссэтэй ярилцсан юм.
Нэвтрүүлгийн үеэр өмгөөлөгч Дахмани "Та нар ямар гээч гайхалтай улс орны талаар яриад байгаа юм бэ? Залуусын тал хувь нь гадаад руу явж, жаргалтай амьдрахыг хүсдэг орныг хэлж байна уу?" гэж онцолжээ. Мөн Тунис бол залуу үеэ хүчээр эх орноосоо явахад хүргэдэг, амьдралын ямар ч баталгаагүй орон гэж шүүмжилсэн байна. Нэвтрүүлгийг үзсэн олон хүн түүний хэлсэн зүйлсийг буруутгажээ. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө ижил шоунд оролцож, "Тунисыг Европын хилийн харуул болгон хувиргасан", "Лампедуса болгох төлөвлөгөөг зөвшөөрсөн" гэж засгийн газар болон ерөнхийлөгч Кайс Сайедыг шүүмжилсэн юм. "Лампедуса" гэдэг нь латин хэлээр бичиг баримтгүй дүрвэгсэд болон цагаачдын буудаг арлыг хэлдэг.
Дахмани ямар ч бичиг баримт, үндэслэлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэж өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн. Үүний оронд тэрбээр Тунисын Хуульчдын одон (ONAT)-тай холбоотой Хуульчдын ордонд орогнож байсан. Энэ хэргийг сурвалжилсан хэд хэдэн сэтгүүлчдийг баривчилсан. Тодруулбал, сэтгүүлч Моурад Згиди, Борхен Бсайес, Мэрилин Дюма нар баривчилгааг сурвалжлах үеэрээ бичлэг хийснээс болж баривчлагдсан байна. Одоогийн байдлаар өмгөөлөгч Дахмани хаана байгаа нь тодорхойгүй.
Моурад Згидиг "төрийн албан тушаалтныг гүтгэсэн" хэргээр шоронд хоригдож буй сэтгүүл Мохамед Богаллебыг дэмжсэн гэх үндэслэлээр баривчилсан. Борхен Бсайесын хувьд ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг "олон нийтийн аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалахад хохирол учруулж болзошгүй" цахим сүлжээгээр "худал мэдээ" тараахыг хориглосон 54-р тогтоолтой холбон тайлбарлажээ. Хэрэв эдгээр хүмүүс 54-р тогтоолын дагуу гэм буруутай нь тогтоогдвол таван жилийн хорих ял, 50 мянган Тунисын динар (15,600 ам.доллар)-ийн торгууль төлнө. Мөн "худал мэдээ"-нд төрийн албан тушаалтан оролцсон тохиолдолд 10 жилийн хорих ялыг хоёр дахин нэмэгдүүлж болно.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ