Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын финалын тоглолт ирэх зургадугаар сарын 2-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд болно. Энэ улирал Испанийн Реал Мадрид болон Германы Боруссиа Дортмунд багууд тунаад буй. Хоёр баг хоёулаа л амаргүй учраануудыг давж, гайхалтай хожлуудыг байгуулсаар түрүү булаалдахаар үлдэв.
Ялангуяа Реал Мадридын хагас шигшээ шатны тоглолт тун сонирхолтой байсныг онцлох хэрэгтэй. Талбай дээрээ Германы Байерн Мюнхенд 0-1 гэсэн харьцаатай хожигдож байсан ч тэд эцсийн мөчид хоёр гоол дараалан оруулж, финалд шалгарсан. Тухайн тоглолтод сэлгээгээр талбайд гарсан Хоселу тус хоёр гоолыг оруулж, Реал Мадридын баатраар тодорсон. Өдгөө 34 настай түүний түүх анхаарал татам.
Ердөө хоёрхон жилийн өмнө Хоселу аавынхаа хамтаар Реал Мадридыг УЕФА Аваргуудын лигийн финалд дэмжихээр Парист зочилж байжээ. Тэгвэл одоо багаа финалд хөтөлсөн гол баатраар тодроод байна.
Багаа финалд хөтөлсөн Хоселу Байерн Мюнхенийг хожсоныхоо дараа "Хөлбөмбөгчин хүн үргэлж л том тоглолтод гялалзахыг мөрөөддөг. Гэхдээ ингэж тоглоно гэж би зүүдэлж ч байсангүй" гэв.
Хоселу олон багаар дамжсан нэгэн. Тэрбээр Испанийн Селтагаас замналаа эхлүүлж, Реал Мадридын Б багаар дамжиж, Герман, Английн лигүүдээр хэсч эцэст нь Реал Мадридад зээлээр ирсэн. Түүний үндсэн баг болох Эспаниол өнгөрсөн улирал доод лиг рүү унаж, Хоселу Реал Мадридад зээлээр иржээ.
Магадгүй түүний хагас шигшээд үзүүлсэн гавьяаг харгалзаж, Реал Мадридын удирдлагууд Хоселуг багтаа үлдээх биз. Ямартай ч Хоселу замналынхаа хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж, багаа финалд хөтөлсөн ачтан.
Холбоотой мэдээ