Говийн бүсэд өрсөлдөхөөр тойргоо усалж эхэлсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд нар өнгөрсөн долоо хоногт нисдэг тэрэг хөлөглөн сум, суманд бууж, сүр хүчийг үзүүлжээ.
Ард иргэдийн амьдрал уналтад орсон хүнд үед Ардын намын хоёр гишүүн нь нисдэг тэрэг хөлөглөн аархсан нь олон нийтийн дургүйцлийг ч төрүүлж буй юм. “Монголын уул уурхайн баялгийг зарж хөлжсөн Ардын намын хоёр луухгарт ёс зүй гэж байна уу. Иргэдийнх нь амьдрал “ул”-наас ч дорд орчихоод байхад нисдэг тэрэг хөлөглөж тавлах байсан юм уу” гэж ард иргэд бухимдаж байна. Монголчууд нийгмийн сүлжээнд идэвхтэй “амьдрах” болсноор мэдээлэл сайтай болсон. Тэр нь ч нөлөөлдөг үү, аймгуудын өрсөлдөх чадвараар Дундговь аймаг сүүл мушгиж, өнгөрсөн долоо хоногт “цолоо” дуудуулсан. Гэтэл өрсөлдөх чадвараар сүүл мушгиад буй Дундговь аймгаас парламентад УИХ-ын гишүүн Сү.Батболд сонгогдсон байгааг хэлэх үү тойргийн сонгогчид нь тун ч ам муутай байгаа аж.
Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайханы хувьд ч сонгууль дөхөхөөр л тойргийнхноо санадаг, улсын ажлаас илүү хувийн бизнестээ л илүү анхаардаг гэх шүүмжлэлийг сонгогчид нь дайж буй юм.
Өмнөх УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгаас УИХ-д сонгогдож байсан бол УИХ-ын гишүүн Сү.Батболд Дундговь, Говьсүмбэр аймгаас УИХ-д сонгогдож байсан юм.
УИХ-ын сонгуулийн тойрог томссоноор Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн долдугаар тойрог болгосон.
Том тойрогт ажиллахад цаг хугацаа их шаардах ч гэлээ Ардын намын баян гишүүдийн мөнгө нь хатгаад байдаг уу, тус, тусдаа нисдэг тэрэг хөлөглөн ар, араасаа цуварч буусан энэхүү үйлдэл өрсөлдөгч нарынх нь “олз” ч болж байгаа гэх.
Хориод хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мөн тойрогтоо ажиллахдаа нисдэг тэрэг хөлөглөж, бэл бэнчингээ гайхуулсан
Онцгой байдлын албаныхан нь сураггүй болсон иргэнийг нисдэг тэргээр яаралтай эрэн хайя гэхэд нисдэг тэрэг нь олддоггүй, олдсон нисдэг тэрэгнийхээ шатахууныг дийлдэггүй байхад УИХ-д сонгогдсон гишүүд сумаас сум, аймгаас аймгийн хооронд нисдэг тэрэг хөлөглөн баярхсан нь Ардын намын гишүүдийн амьдрал ард иргэдээсээ хол тасарч буйг илтгэсэн хэрэг болов.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ