Автобсуны жолооч нар амралтын өдрүүдэд ур чадвараараа өрсөлдөн үзүүлбэр үзүүлжээ. Тодруулбал, Монголын авто спорт, мото сонирхогчдын хамгийн том наадам "Power Expo Festival-2024"-ын үеэр нийтийн тээврийн жолооч нар ур чадвараа сонирхуулсан байна.
Цахим хуудаст иргэд, нийтийн тээврийнхэн хурдалж, эгнээ солихдоо сайн мөртлөө иргэдэд үйлчлэхдээ муу. Автобусны буудал руу ч орж, зогсч хүмүүсээ авч, буулгаж чаддаггүй хэмээн шүүмжилжээ.
Гэхдээ Монгол, Япон, Хятадын дрифтийн тамирчдын болон олон төрөлт сонирхолтой тэмцээний үеэр үзэгчдийн хамгийн их анхаарал татсан үзүүлбэр нь нийтийн тээврийн автобусны үзүүлбэр байсан аж. Хэдийгээр шүүмж дагуулж байгаа ч нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ур чадвартай байна гэдэг олон давуу талтай. Тиймдээ ч тусгайлан мэргэшсэн жолооч нарын үзүүлбэр иргэдийн сонирхол татсан байх. Автобусны жолооч нарын ур чадварын тэмцээн жил бүр болдог бөгөөд энэ удаагийнх уралдаан биш үзүүлбэр гэдгийг Нийтийн тээврийн газраас онцолсон байна.
Дрифтийг зөвхөн тусгай тоноглосон машинаар үзүүлдэг гэж боддог байсан бол нийтийн тээврийн жолооч нар автобусаар ямар үзүүлбэр үзүүлж болдгийг харуулсан нь жуулчдад ч ихэд сонирхолтой байсан аж.
Фестивальд оролцон үзүүлбэр үзүүлсэн жолооч нарын тухайд тус үзүүлбэрийг бэлдэхэд тодорхой хугацаа зарцуулсан учир амжилттай болсон гэжээ.