Ц.Элбэгдорж: Баялгийн биш авлигын сан болгож хувиргасан

Ц.Элбэгдорж: Баялгийн биш авлигын сан болгож хувиргасан

Ц.Элбэгдорж: Баялгийн биш авлигын сан болгож хувиргасан

Монголын парламентаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэж баталсан. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын гишүүдийн бүрэн эрхэнд халдаж, "Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно" гэж сүрдүүлж, дарамталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв. Учир нь, МАН-ын дарга Монголын хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхэнд халдаж байна гэж иргэд эсэргүүцэж байсан юм. Энэхүү хуулийг баталсны араас өнгөрөгч долоо хоногт Монголбанк дээр нэгэн үйл явдал өрнөсөн нь Хуримтлалын санг нээх байлаа. Хуримтлалын санг нээж, цан цохихдоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна" гэж амалсан. Ингэхдээ иргэн бүр дээр хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлэнд зарцуулна гэж байв.

Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаагийн нэг нь Ирээдүйн өв сан. Ирээдүйн өв сангийн тухай Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа "Ирээдүйн өв сан бол байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгална гэсэн үг. Монголбанк, “Эрдэнэс Монгол”-ын хамт энэ сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хийж,  үржүүлэхийн хүрд болгон ашиглах боломжтой. Нэг үгээр хэлбэл, эрсдэлгүй сангуудад хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах боломж нээлттэй гэсэн үг" гэж тайлбарлаж байсан.

Өв сангийн тухай хуулийг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачлан боловсруулж, УИХ-аар 2016 онд батласан агаад 2030 он хүртэл  сангийн мөнгөнд "гар дүрэх"-ийг хориглосон заалт оруулж өгсөн.  Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болохоор тооцож байв.

Хуульд зааснаар сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй  байхаас гадна Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөөр дотоодын бус гадаадын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй гэж тусгайлан хуульчилжээ.

Атал МАН засгийн эрх авснаас хойш уг санг "тонож" эхэлсэн байдаг. Жишээлбэл, 2022 онд Л.Оюун-Эрдэнийн засаг Өв сангийн мөнгөөр хүүхдийн мөнгө тавьж байсан бол 2023 онд ногдох орлогыг нь тэглэж байгаад төсөвтөө авсан байдаг.

Гэх мэтчилэн МАН нэг амаараа баялгийн тэгш хуваарилалт ярьж, нөгөө амаараа байгуулсан санг хууль гаргаж байгаад хулгайлж иддэг болсон. Нэг ёсондоо өнгөрсөн жилүүдэд ирээдүйгээсээ хулгайлсан мөнгөөрөө эдийн засагт цус сэлбэсэн гэсэн үг.

Тэгвэл энэ талаар Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнэд хандан нүүр номоороо "зөвлөгөө" өгчээ. Тэрбээр "Хоолны хордлого нь тархиндаа оржээ. Ажлын хэсгийг нь ахалж хөөцөлдөж хууль батлуулж хэрэгжүүлсэн хүн нь бурханы оронд байгаа. Бусдын хийснийг хулгайлж өөртөө наахдаа хүндэтгэлтэй хандмаар. Баялагийн, Ирээдүй өв сангийн хууль 2016 онд батлагдаж хэрэгжсэн. 5 их наядын хуримтлалтай байсан. 30 жил гар хүрэхгүй хуримтлуулж, өсгөж үржүүлж явах хуулийн заалттай. Гэтэл Монголын хүүхдийн хадгаламжийг хууль зөрчиж авч идсэн. "09" энэ хэргээ булах гэж бүхнийг самарч байна. Хулгай худлыг нь хэлдэг нэг ч болов хүн үлдсэнд баярлаж яв. Хуулийг сайжруулах биш муутгасан. Монголын дайснуудын бахыг хангасан. Гурав дахь хөршийг хөөсөн. Баялгийн биш авлигын сан болгож хувиргасан. Ард түмнээс санал гуйх нэр нүүрээ барснаа үүгээр хаах сонгуулийн пиар. Өөр юу ч биш. Миний хэлсэн нэг өдөр орой руу нь орноо!" гэсэн байна.

Эцэст нь, хүн хэлэхээс наашгүй гэдэг. УИХ-ын бүрэн эрхэнд халдаж, батлуулсан Үндэсний баялгийн сан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөсөнчлөн авлигын сан болчих вий гэсэн болгоомжлол ард иргэдийн дунд байна.

Г.БИЛЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж