Монголын бизнесийн зөвлөл жил бүр залуу бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес аялал”-ыг зохион байгуулдаг. Энэ оны эхний аяллаа Ньюком групп, Салхит салхин парктай хамтран зохион байгууллаа. Тус аялалд 18 аж ахуйн нэгж, компанийн төлөөлөгчид хамрагдсан бол Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж бизнесийн орчныг эко, байгальд ээлтэй болгох, сэргээгдэх эрчим хүчний үнэ цэн, Монгол Улсад хэрхэн энэ салбарыг хөгжүүлэх талаарх мэдээллийг хуваалцаж, харилцан санал солилцлоо.
Манайд эрчим хүчний салбарт төрийн оролцоо өндөр, үнийг хүчээр бага дүнтэй барьж байгаа нь хувийн хөрөнгө оруулалтыг хаасан, эргээд салбараа хорлосон үйлдэл болж байгааг “Клин энержи” ХХК-ийн захирал Ц.Сүхбаатар тэргүүтэй мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, манайд нүүрсний үнийг маш хямдаар барьдаг нь эрчим хүчний салбар бизнесийн зарчмаараа хөгжих боломжийг нь хааж боосоор ирсэн. Тухайлбал, Багануурын уурхай гэхэд 160 тэрбум төгрөгийн өртэй, авлага нь дөнгөж 30-40 тэрбум байдаг аж. Гэтэл энэ өр зээл, түүний хүүг Сангийн яам төлдөг байх жишээтэй. Түүнчлэн цахилгаан станцуудын 50 хувьтай тэнцүүү байсан нүүрсний зардал одоо дөрөвний нэг болж буурсан нь энэ чиглэлд реформ хийж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндоржийн хэлж буйгаар Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэж өсгөх амлалтыг Олон Улсын өмнө өгсөн. Үүнийг биелүүлэхийн тулд Эрчим хүчний салбарт бие даасан тарифын шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатайг хэлээд энэ чиглэлд Засгийн газраас анхаарал хандуулан ажиллаж байгааг дуулгав. Монгол Улсын эдийн засаг хэдийгээр уул уурхайн салбараас хамааралтай байгаа ч ойрын ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой. Учир нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нирвэгдэж байгаа тул цэвэр эрчим хүчээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн өндөр үнэлгээтэй болсон талаарх судалгаа байна. Салхит салхин цахилгаан станц нь жил бүр 180 мянган тонн нүүрс хүчлийн хий, 122 мянган тонн нүүрс шаталт, 1.6 сая тонн цэвэр усыг хэмнэдэг. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд сэргээгдэх эрчим хүчний станц байгуулж, ашиглах боломжтой гэж үздэг бөгөөд Салхитын цахилгаан станцын жишгээр хөгжүүлж чадвал энэ салбарт асар их нөөц байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Холбоотой мэдээ