Урин дулааны улиралд нийслэлчүүд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтерээр хөл дүүжлэх нь нэмэгддэг. Түгжрэлд олон цагаар зогссоноос зориулалтын замгүй ч унадаг дугуй, скүүтер унаж, ажлаа амжуулах нь хамаагүй цаг хождог нь үнэн. Тэглээ гээд энд тэндгүй сүлжилдэж, дураараа явахыг хууль журмаараа зөвшөөрөөгүй.
Зарим хүмүүс явган хүний зам дээр хэт хурдтай давхидаг бол нөгөө хэсэг нь хоёр гурваараа, бага насны хүүхэдтэй давхар унаж, бэртэж гэмтэх эрсдэлд оруулдаг.
Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгдсэн. Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтэртэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтэртэй сүнгэнэх болсон. Скүүтэр үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Мөн скүүтэр унаж буй иргэд "Явган хүний зам дээр явахад асуудалтай, авто зам дээр явахаар машинд дайруулах гээд хэцүү байдаг. Машин хажуунаас их шахна" гэхчлэн унадаг дугуйн замыг нэмэх саналыг хэлдэг.
Гэтэл цагаан дээр хараар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нас болон замыг зааж өгсөн байдаг. Хууль, дүрэмд 10 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотор, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй болон скүүтер унахыг зөвшөөрнө. Харин 10 наснаас дээш насныхан зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэгтэй замаар зорчих ёстой гэжээ.
Хэрвээ 14 наснаас дээш насны хүүхдүүд дээр хэлсэн зориулалтын замгүй газраар замын хөдөлгөөнд оролцохоор болвол зорчих хэсгийн баруун гар талаар хөдөлгөөнд оролцох шаардлагатай.
Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий. Хурд хэтрүүлэхгүй гэж тодотгож өгсөн байгааг анзаараарай.
Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй болон скүүтерээсээ буухгүйгээр явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гардаг, дүрэм зөрчиж улаан гэрлээр гарах зэрэг нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Иргэдийн зүгээс энэ асуудлыг шийдэх шийдэл нь зориулалтын зам гэж харж байна. Албаныхны зүгээс энэ жилийн тухайд нийслэлийн зургаан байршилд 35.6 тэрбум төгрөгөөр унадаг дугуйн зам тавина гэдэг мэдээллийг өгч байгаа юм.
Холбоотой мэдээ