Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг дахин сануулж тоймлож байна.
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдэв.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.
Дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэвч М.Бадарчаас авсан сорьцонд допингийн эсрэг бодис илэрсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар Арбитрын шүүхэд хандаж, гомдол мэдүүлсэн байсан ч удтал маргаан дагуулсан асуудалд Арбитрын шүүх шийдвэрээ гаргалаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан билээ.
АН МҮОНРТ-ИЙН УДИРДЛАГУУДЫГ УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДАВ
Ардчилсан намаас өнгөрсөн Пүрэв гаригт /2024.05.09/ МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээллээ.
АН-ын Нарийн бичгийн дарга Н.Гансүхийн хэлснээр, УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах оролдлогуудыг хийж эхэллээ.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх байсан эрх баригчид хийж хэрэгжүүлсэн ажлаа ард түмнээр дүгнүүлэх ёстой байтал тэдэнд хийж хэрэгжүүлсэн ажил байхгүйгээс Ардчилсан намыг харлуулж байна. Улмаар эрх баригчид үзэл санаа, бодлогын мухардалтад хүрсэн байгааг харуулж байна.
Татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг зогсоохыг шаардаж, шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Энхмандахад шаардлага хүргүүлж байна. Захиалгатай нэвтрүүлэг дахин гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар ямар нэгэн захиалгат нэвтрүүлгийг цацдаг болов. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнээс эсэргүүцэл шаардлагыг хүргүүлж байна гэсэн юм.
ТҮР ЗУУРЫН БОРООНООС БОЛЖ ТӨВ ЗАМУУДАД ТЭГ ЗОГСОВ
Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Өнгөрч байгаа долоо хоногт бороо орсоны улмаас төвийн ихэнх зам тэг зогсолттой байгаа бөгөөд иргэд үүнийг зам засвар хийж байгаа эсвэл осол гарсантай холбоотой гэж байв.
ЗХУТ-өөс өгсөн мэдээллээр, зам засвар болон осол аваартай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдээгүй.
Бороо орсон учир замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зарим замд тэг зогсолт үүссэн. Удахгүй зорчих хөдөлгөөн хэвийн болно гэсэн юм.
ХБХХЕГ-ЫН ДАРГААР М.МАРГАД-ЭРДЭНИЙГ ТОМИЛОЛОО
Засгийн газрын энэ долоо хоногийн /2024.05.08/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийсэн.
Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/ -ын даргаар М.Маргад-Эрдэнийг томилсон юм.
М.Маргад-Эрдэнэ нь тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албанд дэвших, ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалт хийсэн. Төрийн албанд нийтдээ 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг ч төрийн захиргааны албанд 10 хувь нь ажилладаг, цааш удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж байдаггүй. Төрийн албаны шалгалт өгөхөд тохируулга хийгээгүй байсан. Иймээс хуулийн дагуу шалгалт өгөх боломж бололцоог нээж, босгыг нь хоёр дахин бууруулж өгсөн. Ингэснээр дээд боловсролтой хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албанд ахиж дэвших боломжтой болгосон.
Таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэний төв байгуулсан. Мөн таван аймаг болон нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төв байгуулагдаж байна.
Улсын хэмжээнд 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх, нийгмийн бүхий л үйлчилгээг асуудалгүй авах шаардлага байна гэдгээ илэрхийлж ирсэн. Тийм учраас асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.
Улсын хэмжээнд 60 мянган байнгын асаргаа үзүүлдэг иргэд бий. Тэдэнд сар бүр 80,000-123,000 төгрөгийн асаргааны тэтгэмж олгодог байсан. Үүнийг өнгөрсөн жил нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон байсныг 10 хувиар нэмэгдүүлсэн. Мөн гэр бүлийнхээ нэгэнд байнгын асаргаа үзүүлдэг эдгээр иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн төрөөс дааж эхэлсэн. Байнга нэг хүн асархаар ажил хийх боломжгүйгээс өрхийн орлого нь мууддаг, НДШ-ээ төлөх боломжгүй явсаар байгаад тэтгэврийн насанд хүрдэг.
Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын энэ удаагийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг намын листээр нэр дэвшүүлнэ гэдэг амлалтыг өгсөн. Ардчилсан нам бас энэ санаачлагыг дэмжиж ажиллаж байна. Иймээс шинэ парламентад намын листээр хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн орж ирэх болов уу гэж харж байна гэлээ.
Холбоотой мэдээ