Мэдээ, мэдээллийн "iToim" агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн номын нээлт өчигдөр /2024.05.10/ өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын гэр бүл, төрөл төрөгсөд, үе үеийн хамт олон, найз нөхөд болон улс төр, нийгэм, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцов.
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 1998 оноос хойш бичиж туурвисан сэтгүүл зүйн 1000 орчим бүтээлээс гэргий Т.Сайханцэцэг нь сонгон дээжилж, сэтгүүлч нөхдөөс нь Л.Тунгалаг, Б.Түвшинтөгс нар хянан тохиолдуулах багт ажиллаж, "Нийтлэлч Отгонбаяр" сангаас энэхүү гурамсан ботийг эмхэтгэн хэвлүүлж, уншигчдын гарт очиж байна.
Энэхүү гурамсан ботьд Г.Отгонбаярын бичсэн улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгүүл зүйн бүтээлүүдийг сэдвээр бүлэглэн, он цагийн дараалалд хөрвүүлжээ. Ингэхдээ Г.Отгонбаярын 1998 оноос хойш "Ардын эрх", "Өдрийн сонин", "Зууны мэдээ", "Зууны шуудан", "Үндэсний шуудан" зэрэг өдөр тутмын сонины хуудаснаа үлдэж, baabar.mn болон 2015 онд өөрийнх нь үүсгэн байгуулсан iToim.mn сайтын тэргүүн нийтлэл болж, уншигч олонд хүрсэн шилдэг аналитик 115 нийтлэл, 22 ярилцлагыг багтаажээ.
Номын нээлтэд оролцогчид сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 23 жилийн хугацаанд бүтээж туурвисан оюуны их өв болох нийтлэл, ярилцлага нь тухайн цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн дүр зураг, үйл явдлын учир шалтгааныг дэлгэн харуулж, задлан шинжилж бичсэн аналитик тойм гэдэг утгаараа улстөрчид болон судлаачид, шинэ залуу сэтгүүлч, оюутан залууст сэтгүүл зүй судлалд чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэж байна гэв.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ