Хоёр жилийн өмнө, нүүрсний хулгайн хэрэг нийгмийн гол дуулиан болж байх үед УИХ-ын гишүүн Т.Доржханд ийм мэдээлэл өгч байлаа, “Сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан.Нүүрсний хулгайд 40-45 их наяд төгрөгийн орлого, 10 их наядын татвараа алдчихаад байгаа нь бодитой тоо. Нүүрстэй холбоотой дөрвөн төрлийн хулгай байдаг” гэж. Тэрбээр энэ мөнгө ам.доллар болж Монголын эдийн засагт орж ирсэн бол өнөөдөр төгрөгийн ханш, инцфляц өөр байх байсныг, бохир мөнгө зүсээ хувиргаж, үнэтэй машин, тансаг хаус, бүр орон сууцны хороолол болдог тухай хэлж байв.
Энэ хэрэгт АТГ-аас анх 17 улстөрчийг сэжигтнээр зарлаж байсан ч шүүхээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Түүнчлэн 1,8 тэрбум төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл Б.Ганхуягт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 5 жил, 9 сарын хорих ял оноосон.
Нүүрсний хэрэг Монголд баялгийн хараал хэрхэн нүүрлэсний нэг том жишээ. Тэрчлэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг, мөн Хөтөлийн цемент шохой, Асгатын мөнгөний болон Төмөртэйн орд сахал Д.Эрдэнэбилэг гэж ганц хүний халаасанд орсон. Түүний хууль бусаар хувьдаа авсан өмчтийг төрдө буцаан авах ажиллагаа цөөнгүй жил багагүй маргаан дагуулж байна.
Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-т, Ази тивд долдугаарт ордог. Мөн нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт, газрын доорх байгалийн баялгаараа наймд бичигддэг. Атал эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд байтугай, Азидаа доогуурт жагсдаг. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг тайланд Монгол сүүл мушгихад хүргэсэн нэг бодитой шалтгаан нь камерын өмнө улсаа Азийн бар болгоно гэж ярьдаг улстөрчид хөшигний ард уул уурхайг хувьдаа завшиж, хувааж иддэгтэй холбоотой. Товчхондоо, Монголд баялгийн хуваарилалт нь шог явж ирснийг харуулсан бодит үзүүлэлт нь гэр бүл стратегийн гэх тодотголтой хоёрын хоёр орд дээр эзэн суусан байхад нийт ард түмэн нь “Эрдэнэс Тавантолгой”-н хусам шиг ногдол ашгийг хүлээж суух жишээтэй.
Иймээс Л.Оюун-Эрдэнийн улс төрийн эрх зориг гаргасан реформ нь Үндэсний баялгийн сан юм. Монгол Улсын нийт экпортын 93 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Топ татвар төлөгчдийн эхний тавд уул уурхайн компаниуд бичигддэг. Үндсэндээ, Монголын эдийн засаг уул уурхай дээрээ төвлөрч хөгждөг нь худлаа биш. Эдийн засгийн хөгжлийн тулах цэг болсон уул уурхайн салбар дахь хулгай, худалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийж буй тэмцлийн үр дүнд арван мянган айл ямар ч байсан яндан, зуухнаасаа салахаар болж байна.
Төв банкин дээр Хуримтлалын сан нээж цан цохихдоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сан бол хуваахын хүрдээр хулгайлах биш үржүүлэхийн хүрдээр өсөх хөрөнгө болохыг онцлоно лээ.
Үндэсний баялгийн сан доторх Ирээдүйн өв санд байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг валют хэлбэрээр хадгалах аж. Ирээдүйн өв сангийн мөнгийг хав дарах биш үржүүлэхийн хүрдээр өсгөж, үржүүлэх үүргийг Монголбанк, “Эрдэнэс Монгол” компани хүлээж байгаа юм. Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэх сан болох гэнэ. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлэх аж. Төсөв алдагдалгүй болж, эдийн засаг эрүүлжихийн хэрээр Хөгжлийн сангийн мөнгө үржигдэнэ гэсэн үг.
Хуримтлалын санд “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол орж ирнэ. Энэ мөнгөөр иргэдээ орон сууцжуулна. Эрүүл мэндэд нь зарцуулна, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ. Зорилго нь гоё сонсогдож байна. Гол нь зарцуулалтыг нь хянах тухай асуудал яригдаж таарна байх. Хэн нэгэн бурхан дүртэй хулгайч сангийн мөнгийг тоноод байвал яах вэ?. Ийм болгоомжлол байгаа. ЖДҮ, БЗС, Хөгжлийн банкийг тоносон хэргээс харахад энэ мэт эрсдэл бий. Энэ хардлагад Ерөнхий сайдын өгсөн хариулт нь “Хуримтлалын санг Сингапурын хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно”.
Хэрэвзээ Үндсэний баялгийн сангийн гол зорилго биелэгдвэл Монгол баялгийн хараалд идэгдсэн улс байхаа больж, баялгийн ерөөл шингэсэн улс болж магадгүй. Магадгүй гэдэг нь энэ бүхэн хэн засаглахаас хамаарна гэсэн үг.
Б.БАТ
Холбоотой мэдээ