Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ба Монгол Улс

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ба Монгол Улс

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ба Монгол Улс

Ардчилсан хүчний холбооны 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү IV дүгээр Их хурал УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө  болж байгаа нь тохиолдол бишээ. 2024 онд дэлхийн 64 улсад бүх нийтийн парламентийн болон ерөнхийлөгчийн сонгууль болно

Дэлхийн сонгуулийн марафоныг нээж Тайвань улсад нэгдүгээр сарын 13-нд сонгууль явагдаж дэлхий нийтээр Бээжингийн эрх баригчдын дуулгавартай засаг төртэй болох уу, эсвэл Тайвань энэ бүс нутагтаа ардчиллын билэгдэл болон  хэвээр орших уу гэсэн нэн чухал сонгууль байлаа. Энэ бүс нутагт бас нэгэн чухал сонгууль БНСУ-д болж сөрөг хүчин байсан Ардчилсан нам сонгуульд яллаа. Сүүлийн жилүүдийн сонгуулийн хандлага баруун төв үзлийг баримтлах либерал намууд засгийн эрхэнд гарч нийгмийн халамжид дулдуйдсан, ингэснээр төрийн оролцооог хэт их  нэмэгдүүлсэн социал-демократ улс төрийн намууд улс төрийн тавцнаас бууж байна. Манай улсад хоёр сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль болно.

Энэ удаагийн сонгууль Монгол Улсын хувьд маш том эрсдэл, сорилттой тулгарч байна.

Олон улсын нөхцөл байдал үндсэндээ дэлхийн 3 дугаар дайны босгон дээр ирснийг харуулж байна. ОХУ-д өнгөрсөн гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар 2000 оноос хойш тус албан тушаалыг хашиж буй В.Путин дахин 6 жилээр 87.3 хувьтай сонгогдож улмаар 30 жил энэ улсыг удирдах болж байна. Тусгаар тогтносон Украин улсад хоёр жилийн өмнө халдан довтлож эзлэн түрэмгийлсэн дайн өдөөсөн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнуудын дийлэнх олонхи буруушаасан хэдий ч үйл явц улам хурцадмал болж байна. АНУ, Европын Холбооны гишүүн орнууд Украинд зэвсэг техникийн тусламж үзүүлэх, тусгаар улс Украиныг дэмжсэнээр сөргөлдөөн улам бүр даамжирч байна.  Өнгөрсөн жилийн аравдугаар сард Хамасын террорист бүлэглэл Израиль руу довтолж Ойрхи Дорнодын бүс нутагт бас нэгэн дайны гал дүрэлзлээ. Венесуэл улсад ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийг нааш нь татаж 2013 оноос засгийн эрхийг Уго Чавесаас залгамжлан авсан Николас Мадуро дахин сонгогдох гэж Үндсэн хуулиндаа гар хүрсэн билээ. Тэрээр дэлхийн хамгийн их газрын тосны баялагтай орныг хамгийн ядуу дорой болгосон удирдагчаар нэгэнт тодорсон бөгөөд Хайана улстай нутаг дэвсгэрийн маргаан дэгдээж бөмбөрцгийн нөгөө талд бас нэгэн гал өрдлөө.

Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрд сонгуулийг далимдуулж дарангуйлал тогтох аюул улам бүр нүүрлэж ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд халдах эрсдэл  нэмэгдсээр байна.

Гадаад нөхцөл байдал ихээхэн хүндэрч байгаа энэ цаг үед хоёр хөрштэйгээ энх тайвнаар зэрэгцэн орших, гуравдахь хөршийн бодлогоо тууштай баримтлах явдал Монгол Улсын хувьд ихээхэн сорилт болж байна. Тусгаар тогтнолын асуудал зүгээр нэг тунхаглал, билэгдлийн шинжтэй байх бус чухам улс төр, эдийн засгийн чамбай бодлогоор шийдэгдэнэ. ОХУ-тай дэлхийн ардчилсан дэглэм бүхий улс гүрнүүд хэрхэн харилцаагаа өөрчилснийг мэдрэмжтэй хүлээн авч, манай улсын хамгийн эмзэг асуудал болсон Оросоос хамаарах эрчим хүч, бензин шатахууны хамаарлаа шийдэх хэрэгтэй. Сүүлийн 8 жил дэлхийн түүхий эдийн зах  зээлд нүүрс, алт, зэс, газрын ховор, төмөрлөгийн зэрэг чухам манай улсын уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Ийм сайхан алтан боломжийг ашиглаж улс орны хөгжлийг тодорхойлох салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийхийн оронд төсвийн хөрөнгийг дэндүү үрэлгэн, УИХ-ын гишүүдийн дахин сонгогдоход тойрогт нь зориулан жилдээ нэг удаа ашиглах барилга байгууламж барих, нийгмийн халамжийг хавтгайруулах, хэд хэдэн цахилгаан станц барих хөрөнгөөр төрийн ордонд 7 хоног бүр чуулж, зуун жилийн ойнуудыг тэмдэглэсээр. Энэ хооронд дэлхий ертөнцөд юу болов. Би өрнөдийн хэвлэлүүдээс авсан мэдээлэл дээр үндэслэн Герман улсын туршлагаас хуваалцья. Оросоос 55% байгалийн хий, 50% нүүрс, 35% түүхий нефть худалдан авдаг байсан Герман улс Кремлийн байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоох сүрдүүлгэнд авталгүй 1 жилийн дотор эрчим хүчний хамаарлаа 0 хувь болгосон германы “гайхамшиг”-ийн талаар  дэлхий шуугисан билээ. Оросын эрх баригчид Берлины улс төрчдийн шийдэмгий байдал, Германы санхүүгийн хүч чадал, бизнесийн уян хатан чанар, иргэдийх нь сахилга, ухамсар, хариуцлагыг дутуу үнэлсэн ажээ. Мэдээж Монгол бол Герман биш. Санхүү, хүн ам, хөгжил, боловсролын түвшингээр эн зэрэгцэх орон бишээ. Гэхдээ үлгэрлэх хэрэгтэй.

Тэвчиж болох зардал гэж бий, прагматик байя. Айлаас хамааралгүй амьдрах гол зүйлээ хий, хэрсүү байя. Хоёр хөрштэйгээ зөв харьц, зоригтой байя. Гадаад бодлогодоо ухаалаг, тууштай байя.

Жишээ болгож өгүүлэхэд ОХУ-тай байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулан тавих тухай олон жил ярьлаа. Орос-Украины дайн эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байхад “Financial Times” сонинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө 2024 онд Монголоор дамжих хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Урьдчилсан төслийн дагуу “Сибирийн хүч-2” хийн хоолойг ОХУ-ын Алтай хязгаарын байгалийн парк – Укок хэмээх өндөр уулын бэлээр дамжуулах гэж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Укок нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар бөгөөд алтайчуудын хувьд онгон дагшин газар нь юм. Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр газрын давтагдашгүй байгаль-түүхэн цогцолборыг эвдэж сүйтгэх юм. Йелийн их сургуулийн профессор Жефри Зонненфельд DW телевизд өгсөн ярилцлагадаа Орос Украины дайнаас улбаалж Европын Холбоо 87 хувь ОХУ-аас байгалийн хийг “Умардын урсгал” хийн хоолойгоор худалдан авдаг байсан бол одоо байгалийн шингэрүүлсэн хийг ашиглаж эхэлсэн тул байгалийн хийн хоолойг үндсэндээ хэрэгцээгүй болгосон тухай өгүүлжээ. Тэгээд ч өрнөдийн санкцид орсон улсын хувьд ойрын 6 жил ямар нэгэн байгалийн хийн хоолой барих техник, технологи Оросод байхгүй хэмээн хэлжээ. Гэтэл Орос Украин руу халдан довтолсон өдрийн маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-нд Монгол улсын Шадар сайд Газпромтой энэхүү төслийн ТЭЗҮ-д гарын үсэг зурсан юм.

Монголын эрх баригчид нэг л зүйлийг ойлгоосой билээ. Дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж байна. Оросын эзэнт гүрний залгамжлагч ЗХУ, түүний залгамжлагч ОХУ өөрийн нөлөөллийн хүрээнээс зарим улсыг алдахгүй байх хүсэл эрмэлзэл  их бий. Төв Азийн бүс нутаг бас нэгэн том зөрчлийн бүс нутаг болчихвий гэсэн болгоомжлолыг олон улсын судлаачид тэмдэглэж буйг анхаарахгүй байж боломгүй.

Нэг үгээр дэлхийн шинэ дэг журам тогтоох, эрх ашгийн дахин хуваарилалт хийх, эрчимтэй өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Монгол хэрхэх вэ гэдэг нь үндэсний язгуур ашиг, тулгар төрийн тусгаар тогтнолын асуудалд хүрч буйг онцгой анхаарах хэрэгтэй.

Монгол түмнийг баярлуулсан нэгэн мэдээ бий. Австралийн Засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд 7.4 их наяд куб метр метан хийн баялаг манайд тогтоогдсон. Бидэнд өөрсдийн нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжуулах төсөл шаардлагагүй гэж хоёр хөршдөө хэлэх боломж гарлаа.

Хийн хоолой, усан цахилгаан станц, ураны олборлолт зэрэг мега төслүүдийг эргэн харах, үндэсний хэмжээний зөвлөл байгуулж судалж, шийдвэрлэх эрх нь гагцхүү парламентад байх, дан ганц төрийн тэргүүн, дан ганц эрх баригч нам шийдэх асуудал биш юм. Тиймээс 2024 оны сонгууль Монголын хувь заяаг шийдэх сонгууль болох юм.

Энэ жилийн сонгуулийн марафон 45 хоног үргэлжилж нэг тэрбум сонгогчид саналаа өгөх Энэтхэг улсаар буухиалж арваннэгдүгээр сард дэлхийн геополитикийн нөхцөл байдлыг голлон тодорхойлдог АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөрлөнө. Тус улсад хэн сонгогдох нь тийм ч сонин биш. Учир нь  АНУ ардчиллын институциуд бат бэх, эдийн засаг нь хүчирхэг. Гагцхүү манай нөгөө хөрш болох Хятад улстай  Д.Трампын үед хүчтэй өрнөсөн худалдааны дайн манай улсын хамгийн том худалдаа-эдийн засгийн түнш болох хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлөх тооцоог бид бодолцох л хэрэгтэй. Дахин хэлэхэд манай энэ удаагийн УИХ-ын сонгууль бидний хувь заяаг тодорхойлох төдийгүй Монгол Улсын язгуур эрх ашгийг хөндөх маш хариуцлагатай сонгууль болно.

БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж