ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрынхаа шинэ ерөнхий сайдаар Михаил Мишустиныг дахин томилохыг хүсч байгаа бололтой. Тэрбээр Михаил Мишустиныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүсэлтийг Төрийн Думд өргөн мэдүүлсэн тухай Төрийн Думын дарга Вячеслав Володин мэдэгдлээ. Түүнчлэн " Төрийн Дум орчин цагийн шинэ засгийн газрыг бүрэлдүүлж батлах болно. Депутатууд 2020 онд ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Бид хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хамтарсан ажлын шинэ шатанд орж байна. Өмнө нь тулгамдсан асуудлуудыг ихэвчлэн засгийн газар эсвэл аль нэг сайдын дутагдалтай холбоотой гэж тайлбарладаг байсан бол одоо засгийн газар болон Төрийн Думын депутатууд хариуцлагыг хүлээх болно" гэж онцлов.
Засгийн газрын даргад нэр дэвшигчийг хэлэлцэх асуудал орон нутгийн цагаар 14:00 цагт болно. Төрийн Думын бүх фракц цугларан, Мишустин илтгэл тавьснаар хэлэлцүүлэг эхэлнэ. Дараа нь депутатууд түүнээс асуулт асуух ба Төрийн Думын таван фракц үг хэлэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн дараа ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах эсэх асуудлаар санал хураалт явуулна. Төрийн Думын дүрмийн дагуу ОХУ-ын Засгийн газрын даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнг парламентын танхимын тогтоолоор баталгаажуулдаг.
Михаил Мишустин 2020 оны нэгдүгээр сараас хойш (4 жил, 3 сар, 21 хоног) Засгийн газрыг тэргүүлж байна. Тэрбээр ерөнхий сайдын алба хашихаас өмнө Холбооны татварын албаны даргаар ажиллаж байсан. Мишустин нь Медведев (2012-2020 онд 7 жил, 8 сар, 8 хоног) болон Виктор Черномырдин (1992-1998 онд 5 жил, 3 сар, 9 хоног) нарын дараа хамгийн урт хугацаанд ажилласан гурван ерөнхий сайдын нэг юм.
Хуулийн дагуу тавдугаар сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Засгийн газар огцорсон бөгөөд өмнөх сайд, шадар сайд нар ажлаа үргэлжлүүлж байна. Тэд шинэ засгийн газар байгуулагдах хүртэл ажиллана.
Эх сурвалж: Тасс
Холбоотой мэдээ