"Бие даагч тойргоосоо 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулна"

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

"Бие даагч тойргоосоо 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулна"

"Бие даагч тойргоосоо 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулна"

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, дэмжигчийг цахимаар бүртгүүлэх анхаарах асуудлын талаар зарим зүйлийг тодрууллаа.


– Үндэсний аудитын байгууллагад бие даан нэр дэвших хүсэлт өгсөн хэдэн хүн байгаа вэ?

-Үндэсний аудитын байгууллагад бие даан нэр дэвшихээр 77 иргэн бүртгүүлсэн байна. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа тавдугаар сарын 14-20-ны хооронд явагддаг. Бие даан нэр дэвшүүлэх үйл ажиллагааны гол онцлог нь намаас  нэр дэвшигчээс ялгагдах гол онцлог нь 801-ээс доошгүй  тооны дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулдаг.  Энэ бол бие даан нэрээ дэвшүүлсэн иргэдийн бүрдүүлэх ёстой бичиг баримтын нэг л хэсэг нь.  Энэ үйл ажиллагаа долоо хоногийн хугацаанд явагдана.  Уг ажиллагааг зохион байгуулахдаа холбогдох хууль дүрмийг зөрчихгүй байхад бие даан нэр дэвшигчид анхаарах ёстой.

Бие даагчид 801 иргэний гарын үсэг цуглуулахаас гадна ямар шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой вэ?

-Бие даан нэр дэвшигч, намаас нэр дэвшигч, мөн намын жагсаалтаар нэр дэвшиж байгаагаас үл хамаарч нэр дэвшигчид хуульд зааснаар ерөнхий болон тусгай гэсэн хоёр төрлийн шаарлага тавигддаг. Ерөнхий шаардлага бол 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх ёстой. Харин тусгай шаардлагын тухайд шүүхийн шийдвэрээр бусдад төлвөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, яг одоо ял шийтгэгдээгүй байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол хэзээ тогтоогдсон гэдгээсээ үл хамаарч сонгуульд оролцох эрхгүй болно. Эдгээр шаардлагуудыг хангаж байгаа эсэх талаарх лавлагааг олон төрлийн байгууллагаас авдаг. Олон байгууллагаас богино хугацаанд лавлагаа мэдээлэл авахын тулд цаг хугацаа шаардана. Тиймээс аль болох богино хугацаанд шаардагдах бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэх талаар СЕХ-ноос мэдээллийн дэмжлэг үзүүлнэ. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс энд, тэндээс очиж авч ир гэхээс илүүтэй цахим систем ашиглан лавлагаануудыг нэр дор авах боломжийг бүрдүүлсэн техникийн шийдэл гаргасан.

-Нэр дэвшигчид 801 иргэний гарын үсэг цуглуулахдаа тойргийнхоо иргэдээс цуглуулах уу. Эсвэл өөрийг нь дэмждэг бол хаана оршин суух нь хамааралгүй юу?

-Гарын үсэг зурах иргэн зөвхөн тухайн тойргийн иргэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрвөн аймаг нийлээд нэг тойрогт багтсан бол заавал тухайн тойрогт багтаж байгаа дөрвөн аймаг тус бүрийн төлөөлөл багтсан байх шаардлагагүй. Тойрогт хамаарч байгаа аймгуудын аль нэг аймгаас нь дэмжигчийн гарын үсгээ цугуулсан байж болно. Нийслэл Улаанбатар хотын дүүргүүдээс бүрдсэн тойрогт нэр дэвшигч заавал хороо бүрээс төлөөлөл хамруулах шаардлагагүй. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд бие даан нэр дэвшигч өөрийгөө танилцуулах шаардлагатай учраас хуулийн дагуу А-4  хэмжээнээс хэтрэхгүй танилцуулга хуудас тарааж болно.  Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд тавдугаар сарын 14-20-ны хооронд  нэр дэвшигчид гарын үсэг цуглуулах нь хуулийн дагуу үйл ажиллагаа гэдгийг тодотгон хэлье.

-Аудитын байгууллагын дүгнэлт хэзээ Сонгуулийн ерөнхий хороонд ирэх вэ?

-Үндэсний аудитын байгууллагаас тавдугаар сарын 26-наас өмнө бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, шаардлага хангасан дүгнэлтийг  Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. СЕХ-ноос  тавдугаар сарын 20-26 хүртэл хугацаанд бие даан нэр дэвшигчдээс бусад бичиг баримт, лавлагаа авах ажиллагааг явуулна. Үүнээс хойш долоо хоногийн дотор тухайн материалыг шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.  Ингээд зургадугаар сарын 10-нд Монгол Улсын хэмжээнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших нийт нэр дэвшигчдийг нийтэд мэдээлнэ.

-Бие даагчдын нэр саналын хуудас дээр хэрхэн байрлах вэ?

-Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэлийн нэр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэр намаас нь нэр дэвшүүлсэн дарааллаа, бие даан нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлсэн дарааллаараа бичигддэг хуулийн заалттай. Энэ дарааллаар явна.

-Сонгуулийн хандив болон зардлын хувьд ямар зохицуулалт байна вэ?

-Бие даан нэр дэвшигч хандив цуглуулах бүрэн боломжтой. Гэхдээ хэзээ авахыг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчээр бүртгэгдсэн тогтоол нь гарсан тохиолдолд тухайн тогтоолоо арилжааны аль нэг банкинд аваачиж өгөөд зардлын дансаа нээлгэнэ. Зардлын данс нээлгэснээр хандив авах мөн сонгуулийн сурталчилгаандаа зориулж зардлаа гаргах эрх нь үүсдэг. Энэ хүрээнд СЕХ-ноос бүх арилжааны банкинд зөвлөмж хүргүүлж байгаа.  Өөрөөр хэлбэл, нам эвсэл бүртгүүлсэн шийдвэр тогтоол гарсан, бие даан нэр дэвшигчийг бүртгэх тогтоол гарсан цагаас эхлэн зардлын дансыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж нээж өгөх юм. Хандивын хэмжээний тухайд иргэнээс 10 сая хүртэл, хуулийн этгээдээс 30 сая хүртэл төгрөгийг өгөх боломжтой. Хандив өгөхдөө гүйлгээний утга дээрээ буцаж харилцах мэдээлэл буюу овог нэр, утас, РД, гэсэн мэдээллийг заавал бөглөх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж